Eрөнхий сайд асан Ч.Сайханбилэг АН-ын дарга О.Цогтгэрэлд баяр хүргэж, Ардчилал бол Монголын мөнхийн сонголт! гэжээ

Eрөнхий сайд асан Ч.Сайханбилэг Амeрикаас ил захидал бичсэн байна. Тэрбээр АН-ын дарга О.Цогтгэрэлд баяр хүргэлээ.
Ч.Сайханбилэг "Ардчилсан намын дарга Tsogtgerel Odon танд амжилт хүсье. Монголын ард түмний ирээдүйг гэрэлтүүлэх цорын ганц зам бол эрх чөлөө, шударга ёс, хувийн өмчийг дээдлэх зарчим мөн.
-Эрх чөлөөгүй улс мөхдөг.
-Шударга ёсгүй нийгэм доройтдог.
-Хувийн өмчгүй эдийн засаг сүйрдэг. Өнгөрсөн он жилүүдэд эрх баригчид ард түмний мөрөн дээр татварын дарамт ачиж, ядуурлыг гүнзгийрүүлж, ажилгүйдлийг гааруулж, авлигыг өөгшүүлэн, телевиз хэвлэлээр тархи угааж ирэв. Тэдний энэ зам мөр ард түмний итгэлийг эвдэж, шударга ёсны үнэ цэнийг гишгэлж, ардчиллыг мохоохыг оролдсон билээ. Харин төрийн жинхэнэ зорилго бол ард иргэдээ боомилох бус, харин хөдөлмөрийг нь хамгаалж, бүтээмжийг нь урамшуулж, санаачилгыг нь дэмжих явдал юм. Бидний алсын хараа бол дундаж давхаргыг хүчирхэгжүүлж, баялаг бүтээгчдээ хамгаалан, Монгол Улсыг эрх чөлөөт, шударга, хөгжсөн улс болгон босгох.
Таны манлайлал дор ардчиллын үнэт зүйлс улам тодорч, монгол хүн бүр:
Өөрийн хөдөлмөрөөр босгосон өмчөө хамгаалдаг,
Эрх чөлөөгөөрөө амьдардаг,
Шударга ёсонд итгэдэг Нийгэмд итгэлтэйгээр амьдрах болно.
Эрх чөлөө бол Монгол хүний дархлаа! Шударга ёс бол Монголын хөгжлийн зам! Ардчилал бол Монголын мөнхийн сонголт!" гэжээ.






