Дав.Цогтбаатар гишүүнд 20 сая төгрөгөө төлөх хугацааг ШШГЕГ-аас тогтоож өгнө

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон гэдэг үндэслэлээр шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ хоёр жилээр хасуулж, 20 сая төгрөгөөр торгуулах ял сонссон. Түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөөлөх асуудлыг хэлэлцвэл Үндсэн хуулийн зөрчил үүсэх учраас хэлэлцэх боломжгүй гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хороо болон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга нар хэлсэн юм.
Харин ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор "Д.Цогтбаатар гишүүний хувьд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан юм байна лээ. 20 сая төгрөгийн торгууль, төрийн албанд ажиллах эрхийг тодорхой хугацаанд хязгаарласан. Энэ нь шүүхийн шийдвэр гарлаа алх цохилоо гээд шийдвэр нь ирээгүй учраас ирсэн шийдвэрийн хүрээнд л холбогдох ажиллагааг явуулна. Бүртгэлд авна, цахимд бүртгэнэ. Мөнгөн торгуулиа хийх хугацааг зааж өгнө. Түүний дагуу мэдэгдэл явуулна. Түүнийг биелүүлэхгүй бол албадлагын арга хэмжээ авна" гэсэн юм. Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Хөгжлийн банкны хэргээр ял сонссон шүүгдэгч нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, Дээд шүүхийн тогтоолд гүйцэтгэх хуудас бичиж, ял шийтгэгдсэн хүмүүсийг ялыг эдлүүлэхийг зөвшөөрч байгаа талаарх албан бичгийг ШШГЕГ-т өчигдөр хүргүүлжээ.






