ХЭҮК ''Ноорог''-ийн найман ажилтны үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн гэж үзлээ

"Ноорог Креатив студио" ХХК-ийн найман ажилтанд холбогдох асуудлаар гаргасан ХЭҮК-ын дүгнэлтийг Комиссын гишүүн Г.Нарантуяа танилцууллаа. Тэрээр “ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас "Ноорог Креатив студио" ХХК-ийн найман ажилтныг 2025 оны гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө 22.00-07.00 цагийн хооронд хойшлуулшгүйгээр баривчилж, ажлын байран дээр нь нэгжлэг хийж, цахим төхөөрөмжүүдийг хураан авч тэдний халдашгүй чөлөөтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Уг мэдээллийг ХЭҮК-ын гишүүнд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд мэдээллээр бүртгэж, ХЭҮК шалгалт явуулсан. Мэдээллийн мөрөөр ХЭҮК иргэн О.У, түүний өмгөөлөгч Б.Н, "Ноорог Креатив студио" ХХК-ийн үйл ажиллагаа болон албадан саатуулсан явцын талаар мэдээлэл авч, мөн мэдээлэл бүхий бусад хүмүүсээс мэдээлэл авч, 2025 оны гуравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд цагдаагийн болон төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын олон нийтэд өгсөн бүх мэдээлэлд он цагийн дараалалтай дүн шинжилгээ хийж,
- УЕПГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулах болсон үндэслэл
- Прокурорын зөвшөөрөлтэй эсэх,
- Хэний гомдол мэдээллээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа, хэдэн хүнийг ямар төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа,
- Эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх,
- Таслан сэргийлэх ажиллагаа авагдсан эсэх,
- Хурааж авсан эд зүйлсийн жагсаалт, гар утас, компьютер, хард дискийг хураахдаа хурааж авах, үзлэг хийх зөвшөөрөлтэй байсан эсэх
- Бүрэн бүтэн байдлыг хангах талаар авсан арга хэмжээ
- Өмгөөлөгчөөр хангагдсан эсэх зэрэг найман асуудлын хүрээнд асуудлын хүрээнд тайлбар авах албан хүсэлт явуулсан. Үүний дагуу бичгээр тайлбар авсан. Мөн холбогдох цагдаагийн байгууллагын албан хаагчидтай биечлэн уулзаж, эдгээр баримтад үндэслэн дараах дүгнэлтийг гаргаж байна. Дүгнэлтэд,
- "Ноорог Креатив студио" ХХК-ийн найман ажилтны халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн,
- "Ноорог Креатив студио" ХХК-ийн найман ажилтны үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж, эрмэлзэл зоригийг мохоохыг оролдсон,
- Төрийн эрх бүхий байгууллагууд болсон үйл явдлын талаар мэдээлэхдээ олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангаагүй гэж үзлээ” хэмээсэн юм.






