МУИС-ийн багш Л.Мөнх-Эрдэнийн хичээлийг сонгохгүй байхыг оюутнууд руу нь сургуулийн захиргаанаас нь залгаж, цуцлуулжээ

МУИС-ийн багш Л.Мөнх-Эрдэнийн хичээлийг сонгохгүй байхыг оюутнууд руу нь сургуулийн захиргаанаас нь залгаж, цуцлуулах асуудал гарчээ. Угтаа бол боловсролын салбар, тэр дундаа улсын тэргүүн сургууль гэгддэг МУИС-д үзэл суртлын ялгамж, оюутны сурах эрхэд халдах явдал яавч байж болохгүй. Тодруулбал,
"Өчигдөр МУИС-ийн багш Л.Мөнх-Эрдэнийн хичээлүүдийг учир шалтгаан хэлэлгүйгээр дур мэдэн цуцалж, оюутнууд руу нь залгаж оронд нь өөр хичээл сонгохыг тулгасан байна. Академик орчинд байж болшгүй бүдүүлэг захиргаадалт гаргалаа. Оюутны сурч боловсрох эрхийг ноцтойгоор зөрчсөн, академик болоод үг хэлэх эрх чөлөөг боомилсон МУИС-ийн энэхүү шийдвэрүүд Монголын нийгэмд захиргаадалт, дарангуйлал шат шатанд, салбар салбарт нэвчсний илрэл мөн гэж үзэж байна" хэмээн тус сургуулийн оюутан сошиал орчинд нийтэлсэн. Энэ асуудлаар МУИС-ийн н Антропологи, археологийн тэнхимийн багш, профессор Л.Мөнх-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Тэрбээр“Надад огт мэдэгдэлгүйгээр ийм үйлдэл хийх юм. Одоо ч надад энэ тухай мэдэгдсэн зүйл байхгүй. Ийм зүйлтэй өмнө нь тулгарч байгаагүй, ийм зүйлийн тухай уншиж ч байгаагүй. Багш нарын хичээлийг захиргаа нь дур мэдэн цуцлаж, оюутнуудыг нь урвуулдаг болсон хэрэг үү.”
гэв. Мөн түүний 3-р сарын урьдчилгаа цалинг өнөөдрийн байдлаар олгоогүй гэх бөгөөд бусад багш нарын цалин 3-р сарын 8-нд орсон гэжээ.






