Хоёр хүн дээр эрүүгийн хэрэг үүсэж, яллагдагчаар татагдан шалгагдаж байна

Хууль зүйн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хэвлэлийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотойгоор ямар нэг зүйлийн зөрчил гарсан эсэх талаар танилцуулга хийлээ. Хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдаж байгаа тул та бүхэнд дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Гэхдээ шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс 2024 оны зургаадугаар сар болон есдүгээр сараас эхлэн Эрүүгийн хуулийн холбогдох тусгай ангийн зүйл ангиудаар шалгагдаж байсан. Одоог хүртэл шалгагдаж байгаа. Энэ бол гэнэт болсон үйл явдал биш. Хэрэв тус мэдээлэлд буруу ташаа мэдээлэл байх юм бол тэдгээр хүмүүс өөрсдөө хариуцлага хүлээх учир цагдаагийн байгууллага хуульд заасан хүрээнд үнэн зөв мэдээлэл өгсөн.
Хойшлуулшгүй ажиллагаа гэж яриад байгаа. Энэ нь тухайн нөхцөлд үйл ажиллагаа явуулж, үйл явдалтай холбоотой баримт цуглуулдаг ажиллагаа. Цагдаагийн байгууллага өдөрт хэдэн арваар нь, сард хэдэн зуугаар нь хийдэг ажиллагаа. Энд баривчилгааны асуудал огт болоогүй.
Яагаад гэвэл хэрэв баривчлахаар бол прокуророос зөвшөөрөл авдаг. Энэ хэрэгт цагдаагийн байгууллага баривчлах зөвшөөрөл авах хүсэлт тавьсан ч прокурор зөвшөөрөл өгөөгүй. Хэрэв зөвшөөрөлгүй баривчилбал энэ чинь хүнийг алга болгох маш хүнд ялтай гэмт хэрэг. Тиймээс тэнд ямар ч баривчлах ажиллагаа явуулаагүй. Техник хэрэгсэлд үзлэг хийсэн. Энэ үйл ажиллагаан дээр хамгийн гол яригдаж байгаа асуудал нь хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ямар нэг байдлаар халдсан байна уу гэдэг дээр сайд миний бие анхаарч ажиллаж байгаа.Өмгөөлөгчдийн тайлбарыг би харсан. Би өөрөө өмгөөлөгчөөр олон жил ажиллаж байгаа хүн. Хэрэв өмгөөлөгчдийн ярианд дурдагдаж байгаа зарим үйл баримт үнэн бол энэ үйл ажиллагаанд оролцсон хүмүүс өөрсдөө эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Энэ хэрэг шалгагдаад хоёр хүн дээр эрүүгийн хэрэг үүсэж, яллагдагчаар татагдан шалгагдаж байна. Хэрэгт холбоотой баримтууд байгаа. Хувь хүний нууцлалтай холбоотой учраас дэлгэрэнгүй ярьж чадахгүй байна. Гэхдээ энд өгсөн мэдээлэл, үг цэг таслал болгоныхоо төлөө би хариуцлага хүлээнэ. Цагдаагийн байгууллагаас бидний авсан мэдээллээр нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ шалгагдаж байгаа зургаан этгээдийн дансаар эргэлдсэн. Мөн сэтгүүлч асуусан тул хариулъя. Бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэргээр шалгагдаж байгаа хүн ч бий. Энэ нь хохирогч байна гэсэн үг" гэлээ.






