Тусгай хамгаалалттай газраас зөвшөөрөлгүйгээр загас агнасан иргэнд тэнсэн харгалзах ял оноолоо

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Даян нуураас иргэн Ч энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдөр зөвшөөрөлгүйгээр загас агнажээ.
Загас агнах явцдаа байгаль хамгаалагч нарт баригдаж улмаар 6 ширхэг монгол хадран загас агнаж, 360,000 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулсан. Энэ нь хууль бусаар ан агнасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг юм.
Тэрбээр байгаль орчин учруулсан хохирол болох 360.000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд төлж барагдуулжээ. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсжээ.






