38 айлын гэр, 3706 бог мал түймэрт өртжээ, хохирлыг тогтоох ажил үргэлжилж байна

Гуравдугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Архангай аймгийн Хайрхан суманд бүртгэгдсэн түймрийг бүрэн унтрааж орон нутгийн холбогдох хүмүүст хүлээлгэж өгчээ. Түймрийн хохирлыг тогтоох ажлын хэсэг сум, орон нутагт ажиллаж байна. 170 орчим мянга га талбай түймэрт өртсөн. Урьдчилсан байдлаар 38 гэр, 4 чингэлэг, 4 машин, 2 мотоцикл, 48 хашаа саравч, 3706 бог, 48 бод мал, 3500 орчим боодол өвс шатсан байна. Хохирлыг тогтоох ажил үргэлжилж байна. Улсын нөөцөөс гэр ачсан цуваа зүүн гурван аймагт ажиллана.
Өнөөдрийн цаг агаарын байдлаар зүүн аймгийн нутгуудад салхитай, Сүхбаатар аймагт бага зэрэг хур тунадастай байна. Монгол орны хавар, намрын цагт гарсан түймэр маш богино хугацаанд их талбайд тархдаг онцлогтой. Учир нь салхины хурд, хуурайшилт ихтэй байдагтай холбоотой. Энэ төрлийн түймрийг хүний оролцоотойгоор унтраахад маш өндөр эрсдэлтэй байдаг.
2025 онд цасны зузаан бага байсан учраас хаврын хуурайшилт эрт эхэлнэ гэх мэдээллийг эрт авсан. Бэлэн байдлыг бүрэн хангасан гэж албаныхан мэдээлж байна.






