Д. Трамп ''Одоо ч та нарт амиа аврах боломж байна'' хэмээн сүүлчийн сануулгаа өглөө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Газад гал зогсоосны дараа дахин бүтээн байгуулах ажлыг гүйцэтгэх санал гаргаад байгаа юм. Түүний хэлснээр Газад бүтээн байгуулалтын ажил хийж, Ойрхи Дорнодын аялал жуулчлал, амралт зугаалгын төв болгохын тулд тэнд амьдардаг палестинчуудыг хөрш улсууд руу нутаг сэлгэхийг хүссэн.
Трампын саналыг Арабын орнууд хүлээж авахгүй гэсэн байр сууриа илэрхийлж, Газыг сэргээн босгох ажилд 53 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах шийдвэрийг танилцуулжээ. Трамп Палестины ХАМАС бүлэглэлийн гишүүдийг Газаас явахыг шаардлаа. Өөрийнхөө Truth цахим сүлжээнд Трамп “Би Израилийн Засгийн газрын ажлаа дуусгах бүх боломжийг хангана. Хэрэв миний хэлснээр ХАМАС бүлэглэлийн гишүүд Газаас явахгүй бол аюулд орох болно. Энэ бол та нарт өгч байгаа сүүлчийн сануулга. Та нар Газыг орхих цаг болсон гэдгийг бүлэглэлийн удирдах албан тушаалтнуудад сануулж байна. Одоо ч та нарт амиа аврах боломж байна” гэсэн утгатай зурвасыг нийтэлжээ.
Трампын уг мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө Цагаан ордон ХАМАС-ын барьцаанд байгаа Израилийн иргэдийг суллахаар ХАМАС бүлэглэлтэй шууд яриа хэлэлцээр эхлүүлсэн гэдгийг зарлан мэдээлсэн юм. Вашингтон энэ хүртэл ХАМАС бүлэглэлтэй шууд яриа хэлэлцээ хийхээс татгалзсаар байсан.






