Шинэ нам Ардчилсан намтай нэгдлээ

Шинэ нам Ардчилсан намтай нэгдэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал энэ талаар ”Өнөөдөр луу жилийн төгсгөлд могой жилийн босгон дээр ардчиллын төлөөх намууд нэгдэж байгааг та бүхэнд мэдэгдэж байна. ШИНЭ нам, Ардчилсан намтай нэгдэх энэ шийдвэр ажлын хэсгийн түвшинд бүрэн шийдэгдсэн.
Ардчилсан намын улс төрийн зөвлөл болон ШИНЭ намын зүгээс ажлын хэсэг байгуулж, зарчмын бүхий л асуудлууд дээрээ нэгдсэн шийдэлд хүрсэн. Могой жилдээ бид бүхэн их хурлаа хуралдуулж, эцсийн шийдвэрийг гаргаснаараа ардчиллын төлөөх намууд нэгдэх асуудал бүрэн шийдэгдэнэ гэдгийг дуулгамаар байна”
гэв.
ШИНЭ намын ЕНБД Б.Гантулга: “Бид бүхэн улс орныхоо төлөө ардчилсан үзэл баримтлалтай намуудыг түүчээлж ШИНЭ нам, Ардчилсан намтай нэгдэж, улс орныхоо ирээдүйн асуудал дээр хамтран ажиллахаар боллоо.
Өнгөрсөн 2024 оны сонгуулийн жилд Монгол Улсын Их хурлын сонгуульд манай ШИНЭ нам 70 мянга гаруй сонгогчдын саналыг авсан. Мөн эрх баригч МАН 510 мянган хүний санал авч, Ардчилсан нам 440 мянган санал авсан. Тиймээс ШИНЭ намын саналыг Ардчилсан намын саналтай нэгтгэхэд эн тэнцүү буюу 510 мянган санал авах боломж байна. Тэр үүднээсээ бид энэ боломжийг судалж үзээд ардчиллын эрх ашиг болон шударга ёсны төлөө хамтдаа зүтгэе гэдэг шийдвэрийг гаргасан. Ингэснээр бид улс орныхоо төлөө хамтдаа зүтгэж, өнөөгийн нийгмийн тогтолцоонд өөрчлөлт оруулна
гэв.






