Ихэнх нутгаар МАРГААШ цас орж, хүйтэрнэ

5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Хоёрдугаар сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 8-нд Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд хойноос секундэд 6-11 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 7-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн төв хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.






