Засгийн газар: Наадмаас бусад соёл, спорт, урлагийн арга хэмжээг аймаг, нийслэлийн удирдлага шийднэ
Засгийн газрын өнөөдрийн /2025.01.29/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан "Аймаг, орон нутагт зарим эрх үүргийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газар бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Хот ба хөдөөгийн тэнцвэргүй байдлыг арилгах, бүсийн хөгжлийг эрчимжүүлэх, нийгэм эдийн засгийн өсөлтийг тэнцвэртэй болгох ажлыг шат дараатай хэрэгжүүлж байгаа.
Энэ хүрээнд соёл, урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах эрх мэдлийг шилжүүлж байна. Өөрөөр хэлбэл, Үндэсний их баяр наадмаас бусад төрлийн арга хэмжээг аймаг, нийслэлийн удирдлага өөрсдөө шийдэж зохион байгуулна. Стандарт, аюулгүй байдал, зохион байгуулалтын уялдаа холбоог салбар яамны зөвлөмжийг үндэслэнэ.
Тийм учраас өнөөдрөөс энэ арга хэмжээнүүд орон нутагт шилжлээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт болох бол нийслэл өөрөө хариуцах агуулгаар шийдвэр гарлаа"
гэлээ.