Туулын хурдны замыг барихдаа Туул голын үзэмжийг алдагдуулахгүй
Томоохон зах, худалдааны төвүүдийг нүүлгэн, шилжүүлэхтэй холбогдуулан Туул гол орчмын байршилд зам тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Энэ хүрээнд Туулын хурдны замыг барихаар төлөвлөж буй. Тэгвэл өнөөдөр /2025.01.27/ туулын хурдны замын тендерийг зарлалаа. Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрхийн гүүрээс эхэлж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 33 км үргэлжлэх зургаан эгнээ бүхий Туулын хурдны зам барихаар болсон.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлэхдээ, "2024 онд 900 сая ам.долларыг түгжрэлд алдсан. Мөн дээрээс нь цаг хугацаагаа маш их алдсан. Энэ байдлаар үргэлжилбэл цаг хугацаа, өчнөөн хөрөнгө мөнгөө алдаж тэг зогсолт хийнэ. Тиймээс эхний ээлжинд Туулын хурдны замыг барихаар бэлтгэл ажлыг хангаж байгаа. Ийнхүү тендерийг өнөөдөр зарлаж байна. Туулын хурдны зам 33 км урттай байна. Үүний 18 км нь далангаар явна. 12.8 км гүүрэн байгууламжаар явах юм. Их монгол, Зайсан, Сонсголон, Яармагийн хоёр гүүрийг дамнаж зүүнээс баруун тийш чиглэлд зохион байгуулна.
Бас нэг онцлог нь нэгдүгээр тойрог хурдны замтай холбогдоно. Нэгдүгээр тойрог хурдны замын тендерийг энэ оны зургадугаар сар гэхэд зарлана. Туулын хурдны замын төсвийг нийслэлийн хөрөнгө оруулалтын зардлаар барина. Бүтээн байгуулалтын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын сүүлээр эхэлнэ. 2027 оны тавдугаар сард дуусах төлөвлөгөөтэй байна. Туулын хурдны замыг барихад газар чөлөөлөлтөд өртөж буй айлуудад нөхөн олговор олгох, газрыг дүйцүүлэн олгох зэрэг арга хэмжээ авч байна. Туулын хурдны замын бүтээн байгуулалтад 1.9 их наяд төгрөгийн зардал гарна гэж тооцоолоод байна. Бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ Туул голын өнөөгийн үзэмжийг алдагдуулахгүй байхаар төлөвлөсөн" гэв. ТЭЗҮ-г нэгдүгээр сарын 17-нд Шинжлэх ухаан технологийн авто замын салбарын дэд зөвлөлөөр хэлэлцүүлсэн. Ингэж нэгдүгээр сарын 20-нд Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр хэлэлцүүлэн баталжээ.