АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгчийг эцсийн замд нь үджээ

1-р сарын 10, 2025 - 17:39
4 цагийн өмнө
 0  10
АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгчийг  эцсийн замд нь үджээ

АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч агсан Жимми Картерын төрийн хэмжээний оршуулгыг өчигдөр Вашингтон дахь Үндэсний сүмд хийлээ. АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байден оршуулган дээр Картерыг дурсгалыг хүндэтгэж үг хэлсэн байна.


Байден нэгдүгээр сарын өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлаж, АНУ-ын төрийн байгууллагуудад төрийн далбааг 30 хоногийн турш хагас бөхийлгөх зарлиг гаргасан юм.

Картерын төрийн оршуулга, салах ёс гүйцэтгэх арга хэмжээнд амьд сэрүүн байгаа АНУ-ын үе үеийн таван төрийн тэргүүн оролцлоо. Эхний эгнээнд арав хоногийн дараа Цагаан ордныг орхих Ерөнхийлөгч Байден, тэргүүн хатагтай Жилл Байден болон дэд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрис нөхөр Даг Эмхофын хамт суужээ. Тэдний арын эгнээнд Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Ерөнхийлөгч асан Жорж Буш, тэргүүн хатагтай асан Лаура Буш, Ерөнхийлөгч асан Барак Обама, удахгүй Цагаан ордонд ирэх Дональд Трамп, эхнэр Меланиагийн хамт суужээ.

Жимми Картер АНУ-ын хамгийн урт насалсан төрийн тэргүүн юм. Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-ний өдөр зуун насандаа таалал төгссөн.


Вашингтонд төрийн оршуулгыг дууссаны дараа Картерын шарилыг төрөлх хот нь болох Жеоржиа мужийн Плэйнс хотын Мараната баптист сүмд авчран гэр бүлийнхэн нь салах ёс гүйцэтгэсэн байна. Эцэст нь Картер өнгөрсөн жил 96 насандаа таалал төгссөн эхнэр Розалиныхаа дэргэд үүрд амгалан нойрсжээ.

Share:
10

like

dislike

love

funny

angry

sad

wow