“Шинэ тойрог авто зам” төслийн зөвлөх үйлчилгээг эхлүүллээ
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, замын чанар болон иргэдийн ая тухтай зорчих орчныг сайжруулах зорилгоор “Шинэ тойрог авто зам” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээг үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнгөрсөн аравдугаар сард зарласан. Тендерт нийт дөрвөн компани материалаа ирүүлсэн бөгөөд бүх шаардлагыг хангасан “Си Эс Си И Си Айком Консалтантс” ХХК шалгарчээ.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал У.Баатар, тус төслийн инженер мэргэжилтнүүд болон “Си Эс Си И Си Айком Консалтантс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чу Чинг, БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цуй Шэнгхуй нар өнөөдөр төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
“Шинэ тойрог авто зам” төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, авто зам, явган хүний зам, нийтийн тээврийн замын чанар, хүртээмжийг сайжруулах төдийгүй иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг хангах ач холбогдолтойг талууд онцлон тэмдэглэлээ. Тус төсөл нь Улаанбаатар хотын хөгжлийн ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж, орчин үеийн авто замын сүлжээг бий болгох томоохон алхам болно гэж үзэж байна.