Ч.Лодойсамбуу: Зөвшөөрөл хүсэж жагсдаг байдлыг алга болгож байгаа
УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг ахалж байгаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангахад учирч буй хуулийн саадуудыг тодруулахаар судалгаа хийлгэсэн, дүнг хүлээж байна.
Хоёрт, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг өнөөдөр бүлэгт танилцуулсан. Хоёр тусдаа зүйл юм. ХЗДХЯ-ны өгч буй мэдээллээр дөрвөн удаа санал авч энэхүү шинэчилсэн найруулгадаа тусгасан юм байна. Бүлгийн, тэр дундаа сэтгүүлч гишүүд энэ хуулийг бүхэлд нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.
Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт дахь “Илт худал мэдээлэл” гэж юуг хэлж байгааг илүү тодорхой болгох ёстой. Би өөрийн бланк дээр энэ заалтыг бүхэлд нь байхгүй болгох хуулийн төсөл санаачилж, товоо хүлээж байгаа.
13.14 гэдэг заалт сэтгүүлчдэд огт хамаарах ёсгүй. Өнөөдөр ерөөсөө үзэл бодлоо хуваалцсан, таамаглаж бичсэн хүмүүсийг энэ заалтаар эрүүгийн ялтан болгож байгаа. Энэ бичигт хуралд суусан 31 гишүүний 90 гаруй хувь нь дэмжиж, гарын үсэг зурлаа.
Дараа нь, жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль орж ирж байгаа. Тайван жагсаал цуглаан хийхэд саад болдог, иргэн цагдаа хоёрыг мөргөлдүүлдэг асуудлыг зассан. Бүлгийн гишүүд дэмжсэн. Зөвшөөрөл хүсэж жагсдаг байдлыг алга болгож байгаа" хэмээв.