Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг ӨНӨӨДӨР хэсэгчлэн хаана
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 12-ны 00:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж, бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийн энэ сарын 30-ны 06:00 цагт нээхээр төлөвлөж байна.
Харин Зайсангийн гүүрний хот чиглэл буюу хуучин гүүрнээс урагш уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн тал хэсгийг 20 метр орчим хааж, бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийнэ. Энэ хугацаанд замын хөдөлгөөнийг сөрөг хөдөлгөөнөөр зорчуулах бөгөөд хоёр гүүрний хөдөлгөөн хэвийн үргэлжилэх юм байна.
Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан түүхтэй. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон юм. Энэ хүрээнд Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, хоёр эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчилнэ. Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусна. Одоо гүйцэтгэгч бэлэн, ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.