АИ92 шатахууны 22, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна
“Дизель түлш тасарна” гэх мэдээлэл цацагдсантай холбоотой Ашигт малтмал, газрын тосны газраас ташаа мэдээлэл болохыг мэдээллээ.
Энэ талаар тус газраас “Монгол Улсад шатахууны хомсдол, доголдол үүсэх үндэслэлгүй” гэдгийг тодотгожээ. Уг мэдэгдэлд “Ашигт малтмал, газрын тосны газар нь долоо хоногт хоёр удаа газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдээс газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн мэдээллийг авч, тогтмол хянаж ажилладаг. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ өсөн нэмэгдсэнтэй холбогдуулан манай улс ОХУ-аас сард 110 мянган тонн Аи-92 автобензин, 65 мянган тонн дизель түлш импортлох захиалга өгч, энэ хүрээнд өдөр бүр хилийн боомтуудаар шатахууны импорт тасралтгүй нийлүүлж байна. Тухайлбал, энэ сарын 1-7-ны өдрүүдэд 295 вагон АИ92 автобензин, 462 вагон дизель түлш импортолсон” гэх мэдэгдэл гаргажээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ92 автобензин 22 хоног, дизель түлш 27 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байна.