Шанхайд суралцаж байгаа монголын хоёр оюутанд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хятадад сурч буй оюутнуудын данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж Монгол улс руу гуйвуулсан гэх асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
"Шанхайд суралцаж байгаа оюутнуудын хятадад хэрэглэж байгаа данс руу хятад хүмүүс мөнгө шилжүүлж тэрийг нь монголд гуйвуулж гаргаж өгсөн юм шиг байгаа юм. Үүнтэй холбоотойгоо Гадаад харилцааны яам Бээжин дэх элчин сайдын яам болон Шанхай хотод байдаг ерөнхий консулын газар олон нийтийн хэвлэл мэдээллийн газруудаар дамжуулан Хятадад сурч байгаа оюутнуудыг ийм залиланд өртөж магадгүй гэсэн үүднээс сэрэмжлүүлэг өгсөн. Уржигдар миний авсан мэдээллээр хоёр оюутан шалгагдаж байгаа" гэлээ.
Эргэн сануулахад, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг оюутнууд өөрийн дансандаа үл таних хятад иргэдээс их хэмжээний мөнгөн гүйлгээ авч, Монгол Улсын нэр бүхий иргэд рүү шилжүүлснээс үүдэн Хятадын хууль хяналтын байгууллагад эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байна. Мөн дансаа царцаах, хаалгах, цаашлаад цахим гэмт хэргийн хохирогч болох асуудал сүүлийн үед нэлээд гарч байгааг тус улс дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээллээ. Иймд БНХАУ-д суралцаж буй оюутан сурагчид, иргэд, аж ахуйн нэгжүүд нь мөнгөн тэмдэгтийн улс хоорондын гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой хандаж, өөрийгөө болон бусдыг цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэхийг ЭСЯ-наас анхаарууллаа.






