“Тэтгэврийг нь авах, байрнаас нь хөөснөөс болж ахмадууд гудамжинд гарч байна”
...Манай охин дээд боловсролтой, нийслэлийн Ерөнхий боловсролын … дугаар сургуульд багшийн ажилтай. Миний тэтгэврийн картыг ашигладаг боловч намайг гэрээсээ хөөж, хог түүж траншейгаар амьдрахад хүргэж байсан… энэ бол нэгэн ахмад настны ХЭҮК-ын судалгаанд хамрагдахдаа хэлсэн үг. Тус судалгааны тайланд "Өнөөдөр ахмадуудын дийлэнх хэсэг нь тэтгэврийн зээлтэй байна. Судалгаанд хамрагдсан ахмадуудын 60.6 хувь нь тэтгэврийн зээлтэй байсан.
Тэдний тэтгэврийн зээлийн ихэнх хэсэг нь хүүхдүүддээ машин авч өгөх, ач зээ нарынхаа сургалтын төлбөрийг төлөх, хэн нэгний буяны үйлсэд зарцуулагдаж байна. Гэтэл зээл нь дээрх бүх зарлагыг барагдуулж чаддаггүй бөгөөд ямар нэгэн байдлаар үлдэгдэл төлбөр байсаар. Улмаар ахмадууд маань бүх төлбөрийг гүйцэд төлж чадаагүйдээ үргэлж сэтгэл дундуур явдаг ажээ. Ахмад настан эдийн засгийн хүчирхийлэлд өртөж буй гол хүчин зүйл нь тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах, ашиглах, үл хөдлөх хөрөнгийг нь өөрийн нэр дээр авах, байрнаас нь хөөх, хөрөнгөнөөс болж үр хүүхдүүд нь маргаж, сэтгэл санааг нь зовоох зэрэг асуудлууд байнга гардаг болсон байна.
Иймд өнөөдөр ахмадуудын энэ асуудалд тулгамдсан асуудал болоод байна. Үүнээс улбаалан хүчирхийлэлд өртөх явдал ихссэн нь дээрх судалгаагаар харагдаж буй юм. Гэтэл өнөөдөр ахмадуудыг хүлээгээд авчих улсын асрамжийн газар ч алга. Ингэж хэлж байгаа нь улсдаа ганц байдаг Батсүмбэрийн асрамжийн газар нь үр хүүхэд болон ар гэрийнхэн нь байгаа настнуудыг асран хамгаалах хүнтэй хэмээн үзэж асрамжандаа авдаггүй байна. Иймд ахмадуудад гудамжинд гарахаас өөр сонголтгүй болж буй нь өнөөгийн нийгмийн бодит дүр төрх юм. Харин улс анхаарал тавиагүй энэ асуудалд өөрийн чадлаар боломжоор зүтгэж яваа нэгэн бүсгүйтэй бид уулзсан юм. Тэрбээр 30 гаруй ахмадыг гудамжинд гарахаас сэргийлэн, асарч тойлж явна. Энэ талаар хийсэн дэлгэрэнгүй сурвалжилгыг хүргэе.