"Дарангуйллын дэглэм"-тэй Монголд УИХ-ын гишүүдийн тоо 152 болгох нь гарц мөн үү
Ард түмэн нь сайхан амьдрах гэж зүтгэж явна. Харамсалтай нь эх орондоо сайхан амьдарч чадахгүй нь тодорхой болжээ. Төр засгийн буруу шийдвэр, байгалийн баялгийн зүй бус хуваарилалт цөхөрсөн залуусыг гадаадад амьдрахыг мөрөөдөхөөс илүү сонголтгүй болгож. УИХ-ын гишүүд нь дахин сонгогдох марафонд улайраад завгүй. 76 тоо тэдэнд багадаж, 152 болохыг хүсэж байна. Энэ тоо нэмэгдэх иргэдэд ямар ашигтай вэ. Ард түмний боломжийг хулгайлсан "хулгайчууд" нэмэгдэнэ гэж ард иргэд айж байна. Тэд залхаж байна. Төр засгийн шударга бус зүйлийн төлөө дуугарах хүн олдохоо байлаа.
Дуугарсан залуучуудыг нь шоронд хоригдчихсон. Бусад нь тэдний араас орохгүйн тулд дуугарахыг хүсэхгүй байна. Д.Мөнх-Эрдэнэ, “Халуун цуст” Г.Тулгат гээд шударга ёс, байгалийн тэгш хуваарилалтын төлөө явсан залуус өнөөдөр хаана байна. Бүгд шоронд. Д.Монголхүү нь гавтай. Яагаад Монгол улс ийм дарангуйлалд орчихов. Хэн, ямар нам гараад ийм байдалд хүрэв.
Энэ бол та бидний сонголтын үр дүн. Хэдхэн цаасаар саналаа худалдаж ирснийх.Үүнд монголчууд бид өөрсдөө буруутай. Итгэж сонгосон улс төрчид нь байгалийн баялгаа хувааж идээд, ард олон нь ядуу зүдүү амьдралдаа дэндүү сайн “нуугдаж” явна. Ядуу учир тэдний амь үнэгүй байна. Жилийн өмнө “Эмээлтэд” гарсан өмхий махны асуудал нь хэвээрээ, аялал жуулчлал хөгжүүлэх бодлого нь янзаараа. Гэвч том сайхан уриа лоозонгууд хөлөөр нэг хөглөрч байна. Огт хэрэгжиж биелж байгаа юм байхгүй. Гэсэн ч сайхан амлалт, сайхан үгс ард түмний толгойг эргүүлж талцал бий болгож байна. Үнэн хаана байна. Ард түмэн загасны ой санамжтай л гэнэ. Тэр ой санамж, үйл явдлуудыг өрнөөж, зогсоож, эхлүүлдэг PR-чид л монголчуудыг хэдэн тийш нь эргүүлж байна.
Шат шатандаа үнэн худалд нь мэдэгдэхгүй зальтай, амар хялбар аргаар хөрөнгө цохих, бусдаас булаах, нэгнээ хорлох, төсвийн мөнгө хулгайлсандаа аархах буруу сэтгэл зүй, ямар ч ёс суртахуунгүй нийгэмтэй бид өдөр бүр нүүр тулж байна. Зарим иргэд нь сэтгэл зүйн хам шинжтэй, эрүүлээр сэтгэдэггүй. Дийлэнх сэтэртэй сэтэргүй иргэд нь хэнээс яаж хэдэн төгрөг салгах вэ гэж зүүдлэж сэрдэг болж.Үйлийн үр хаяг андуурдаггүй гэдэг. Өнөөдөр хүчирхийлэл, гажиг сэтгэхгүйтэй хор шартай нь нэгнээ шантаажилж, уур омогтой арчаагүй нь дээш гарч боловсролтой, гэрэлтэй нь энэ нийгэмд “төөрч” харагдаж байна. Ийм байхад “Дэлхий Монголыг харж байгаа, Дэлхийн түвшинд Монголыг үнэллээ гэх хоосон цэцэрхэл” телевизүүдээр явах нь инээдтэй.
Үнэндээ дэлхий Монголыг хараад суух уу. Эрүүл ухаан гэдэг эндээс л харагдаж эхэлнэ. Тэртээ тэргүй дэлхийн олон үзүүлэлтэнд бид олон ч юмаараа байр ухарч явна. Хэрэв та анзаарсан бол хүн амын өвчлөл Монгол Улсын хувьд нийт хавдрын нас баралт нь100 мянга тутамд 272.1 болж дэлхийд нэгт бичигдсэнээс гадна элэгний хорт хавдрын өвчлөл болон нас баралтаар тэргүүлсэн бол ходоодны хорт хавдраар өвчлөөд амь насаа алдсан иргэдийн тоогоор мөн тэргүүлсэн байх жишээтэй. Энд аз жарал, авилгын индексээрээ байр ухарсан орон гээд олон ч зүйлийг дурдаж болох байна. Эмнэлэг нь хүрэлцээгүй, ажиллах ажилтан байхгүй,боловсролын тогтолцоо нь нойл заасан. Бодит харагдах зүйлс захаасаа авхуулаад ийм. Бид ийм л амьдарч байна. Харин та сайхан амьдарч байгаагаа хэлж чадах уу. Соёлын сайд шиг “Сүүлийн хоёр жил хүнсээ аваагүй, нөхөр зохицуулдаг” гээд ялдам инээмсэглэж чадах уу. УИХ-ын 76 бидний сонголтоор гарч ирчхээд үр хойчоо сайхан амьдруулахын тулд төсвөөс идэж, банкнаас хумсалж “бор ходоодоо” тэжээж бидний боломжоос хулгайлж байхад 152 болгох юм уу?