2022 оны улс төрийн “авир"
Шударга ёсыг нэхсэн монголчуудын жагсаал
Хөгжлийн банкны луйврын хэрэг, нүүрсний хулгай, үнийн өсөлт, эдийн засгийн хямрал, жагсаал, сөрөг хүчингүй улс төр гээд өнгөрч буй 2022 онд багагүй үйл явдал өрнөлөө. Үйл явдал бүрийн өрнөлийн цаана ард иргэдийн амьдрал дордож, харин дангаараа засаг барьсан МАН хулгай луйвартайгаа тэмцэж чадахгүй, тэдний эсрэг зогсох сөрөг хүчингүй, АН нь дотоодын тэмцэлээ дарж дийлэхгүй бужигнав. Оны сүүлээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын эрх мэдлийн төлөөх тэмцэл далд өрнөж, хэн өрссөн нь гэдэг зарчим сэмхэн “гүйв”. Улс төрийн тэнцвэргүй бодлого, гажуу тогтолцоо, УИХ-ын гишүүд нь хулгайн хэрэгт холбогдсон нь иргэдийг буримдахад хүргэж төв талбайд жагсах шалтгаан болтлоо ужиграв. Жавар тачигнасан -36 хэмийн хүйтэнд жагсагчид 18 өдөр хонож эсэргүйцлээ илэрхийлж чадсан. Төрийн ордонд байгаа “хулгайн хэрэгт холбогдсон эрх мэдэлтнүүдийг зарла” хэмээн шаардаж, 18 өдрийг өнгөрөөв. Энэ өдөр нийтийн сонсгол болж, иргэд нүүрсний хулгайчдыг ил тодоор зарлаж, тэнд хариуцлага тооцохгүй байгаад бухимдсан. Сонсголд орсон иргэд Улаанбаатар хотын захирагчаас авахуулаад УИХ-ын гишүүдийн нэрсийг цохож, нүүрсний хулгайд холбоотой гэдгийг нь илчлэв. Сонсголыг харин тэр өдрөөр дуусгавар болгож, эрх мэдэлтнүүд орой нь цагдаагийн байгууллагын албан хаагчдыг дайчлан сүртэйгээр төв талбайг хамгаалалтанд авав. Ерөнхийдөө 2022 онд иргэд бухимдалтай, эрх баригчид донсолгоотой байсан гэж хэлж болно.
Их наядын нүүрс хулгайлсан хэрэг ба 17
60 саяын хэрэг, Хөгжилийн банкны тэрбумын хэрэг гэгдэж байсан бол энэ Засгийн газар их наядаар нь хулгайлдаг болов. Сая саяаар нь байхаа болиод тэрбум болсон дараа нь их наяд. Өнгөн дээрээ дархан эрхтэй УИХ-ын гишүүд харагдавч мөн чанартаа УИХ-ыг орогнох газар болгон ашиглаж буй гэмт хэрэгтнүүд болж иргэдэд харагдаж эхэлсэн юм. Хэтэрхий ичгүүр сонжуургүй ховдог, нийтийн хөрөнгийг хулгайлдаг, бусдад авилга өгдөг улс төрчдөөс болж Монгол Улсын УИХ үнэлэмжээ алдсан жил болсон гэхэд болно. Өмнө нь баян айлын “нялх сэнгүүмүүд”-ийг хүмүүжүүлдэг газар УИХ биш гэж байсан бол одоо луйварчид хулгайчдыг орогнуулдог гэх нүүр зүүх болтлоо нэр хүндгүй болсон УИХ болж хувирсан юм. Энэ нь иргэдийн цахим орчинд “Урьд шөнө УИХ-ын гишүүн болж зүдэллээ. Хулгайч болох нь дутаа юу даа” гэсэн онигоо бэлхэн илтгэх биз. АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт 50 гаруй хүнийг шалгаж байгаа талаар мэдээлсэн. Мөн 17 улстөрчийн нэрсийг зарласан дэвшилттэй алхам бий. Гэвч энэ дунд жинхэнэ шалгах ёстой хүмүүсийн нэрс байхгүй байгаа нь энэ Засгийн газар хулгайтайгаа тэмцэж чадахгүй юм байна гэсэн мессэжийг өгсөн явдал юм. Үүнийг дагаад хуулийн байгууллага нь улстөрчдийг нэрлэж чадахгүй байна гэдэг шүүмжлэлийг бас дагуулсан.
Хөгжлийн банкны дуулиан
Хөгжлийн банкны чанаргүй зээл, түүнд нэр холбогдсон улс төрийн хамаарал бүхий нэрсийг Засгийн газраас зарласан. Хөгжлийн банкны нийт зээлийн 55 хувь нь чанаргүй ангилалд орсон. Энэ нь 1.8 их наяд төгрөгийн асуудал юм. Хамгийн сүүлд мэдээлэгдсэнээр, арванхоёрдугаар сарын 21-ний байдлаар 990 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн гэж байгаа. Эцсийн дүндээ давуу байдал үүсгэж, зээл авсан улстөрчид зарлагдсангүй, хариуцлага хүлээсэнгүй. Хөгжлийн банкны асуудал өрнөсний дараа “Самурай” бондыг өөрийн хөрөнгөөр төлөх бололцоо бий болж, зарим албан тушаалтнуудын хэрэг АТГ-аас хуулийн байгууллагад шилжсэн.
“Лоозогнож” чаддаг Засгийн газрын тэргүүн
Энэ жил хоёр ч удаа жагсаал боллоо. Жагсагчдын тавьсан шаардлагын дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр дахь удаагаа гарч ирэхдээ “Авлига, албан тушаалын хэргүүдийг өршөөхгүй” гэж хэлж байсан. “Бас тэр айхгүй”, “Би энэ тэмцлээс ухарахгүй”, “Намайг дарамталж байгаа нөхдүүд бий”,”Би мэдэж байгаа” гэх мэт үгийг хурц тод хэлдэг. Дийлэнхдээ ажил ярихаасаа илүү өөрийгөө шахаанд байгаа, ганцаардаж байгаагаа харуулсан үг хэлэх нь манай Ерөнхий сайдад их зохидог. Гэхдээ цаг хугацаа явах тусам түүний хэлсэн үг үнэ цэнээ алдаж байна. Одоо бол ямар нэгэн юмнаас бултахдаа хэлдэг үг нь болсон мэт харагддаг. Жаахан “эмо” ч юм шиг улс төрд наалдуулж ойлгоё гэвэл лоозон хэлэх дуртай ч юм шиг харагддаг гэдгийг олон нийт хэлдэг. Засгийн газар Хөгжлийн банк, Нүүрсний хулгайн асуудлаар шүгэл үлээхдээ нэр холбогдох томоохон улстөрчдөд халдаж чадаагүй.
Үндсэн хуулийн хямралд дуудав
МАН хоёр ч удаа Үндсэн хуульд гар хүрсэн. Гэхдээ тэд одоо дахиад л Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар “зэхэж” байна. Тиймээс ч Зөвлөлдөх санал асуулга явуулах хуулиа УИХ-аар батлуулж, шинэ оны босгон дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу эсвэл шинээр Үндсэн хуулиа батлах уу гэдгээ тодорхой болгох үлдэж байна. Тогтолцооны өөрчлөлтөө яг хийнэ гэж МАН-ын дарга, Л.Оюун-Эрдэнэ зүтгэж байгаа. Үнэхээр тогтолцооны өөрчлөлт хийж, сонгодог парламентын тогтолцоогоо өөрчилж чадвал энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт ирээдүйд олон ач холбогдолтой болно гэж үзэх ч хүн бий.
Эвээ олж чаддаггүй Ардчилсан нам
УИХ-ын сонгуулиас хойш талцал, хуваагдал, үл ойлголцлын жишээ болж Ардчилсан нам учраа олж чадалгүй байсаар өнөөдөртэй золголоо.Тэд гол үнэт зүйлээсээ хазайн өвөр хоорондоо тэмцэлдэхээс илүү гарч чадсангүй. АН-ынхан анхиатайсан бол сөрөг хүчний дуу хоолой болоод явж чадах байлаа. Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын дарга болох гэж сунгаа явуулсан. Өөрийгөө сонгуулж чадсан ч Улсын дээд шүүх бүртгэж аваагүй. С.Эрдэнийн тал бас ямар учиртай нь мэдэхгүй хоорондоо учраа олохгүй гэдийгээд суучихна. Жилийн турш л ийм өнгө АН-аас харагдах болсон. Эцэст нь Х.Баттулга, С.Эрдэнийн тал эвлэрлийн ажлын хэсэг байгуулж, эхний уулзалтуудаа хийсэн гэж байгаа ч итгэхэд бэрх. Нэг түгээр хэлбэл заалны буланд хэдэн хүүхдүүд ноцолдож буй аятай л АН-ынхныг хардаг болоод удаж байна.