2016 онд Хөвсгөл нуурт живсэн катерийг татан гаргажээ
Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагаа Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулагдаж буй.
ОБЕГ-ын баг бүрэлдэхүүн Хатгал тосгон орчимд нуурын эргээс 428 метр зайтай, 36.8 метрийн гүнд 2016 онд живсэн катерийг тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан татан гаргасан байна. 2021 онд татан гаргасан Сүхбаатар хөлөг онгоцны доод ёроол хэсэг дотор байсан нийт 13 тонн бохирыг тусгай зориулалтын бохир сорогч автомашинаар соруулан, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын албатай хамтран нотломж үйлдэж, холбогдох дүрэм, зааврын дагуу устгажээ. Холбогдох албаныхан гурван сарын хугацаанд нийт долоон нэгж тээврийн хэрэгслийг татан гаргаж, 47.7 тонн бохирдлыг аюулгүй болгосноор Баянгол дүүргийн газар нутагтай тэнцэхүйц хэмжээний цэнгэг усыг бохирдуулахаас урьдчилан сэргийлж, эко системийг хамгаалсан байна.