Өвчтөний хуурамч түүх ашиглаж ЭМДС-гаас 800 гаруй сая төгрөг авсан зөрчил илэрчээ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шалгалтаар илэрсэн зөрчил, эмийн сонсгол дээр яригдсан хамаарал бүхий этгээдүүдийн талаар Монголын Үйлдвэрчний Эвлэл (МҮЭ)-ийн холбооноос хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тус холбооны тэргүүн Д.Эрдэнэбат "Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар мэдээлэл хүргэе. Тус үндэсний зөвлөлд миний бие болон Шинжлэх ухааны салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга н.Баясгалан нар багтдаг. Энэ зөвлөлд ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Удахгүй эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланг Улсын Их Хурал (УИХ)-д танилцуулна. Гэхдээ энэ тайланг зөвхөн их хуралд гэлтгүй олон нийтэд ил болгохоор төлөвлөсөн. Зарим хурлыг хэвлэлийнхэнд нээлттэй хийе гэдэг журмын санал өгсөн. Одоогоор хариу нь ирээгүй байна.
Би нэг л жишээ хэлье. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын үнэ 110 сая төгрөг байдаг. Өмнө нь 25%-ыг нь иргэн өөрөө төлдөг байсан бол одоо 100% үнэ төлбөргүй эмчлүүлэх боломж бүрдсэн. Харамсалтай нь энэ шийдвэр гараад хагас жилийн дотор зургаан хүнд элэг шилжүүлэн суулгасан гэсэн нэрийдлээр хуурамч түүх бичээд, давхардуулах замаар 800 гаруй сая төгрөгийг ЭМДС-гаас авсан юм. Үүгээр ч зогсохгүй хамар тэгшлүүлэх болон зарим эмэгтэйчүүдийн гоо сайхны мэс заслыг жирийн мэс ажилбар хийсэн мэтээр ЭМДС-гаас мөнгө нэхэмжилсэн зөрчил илрүүлсэн. Дараагийн онцлох зүйл нь эмийн сонсголтой холбоотой. Энэ бол маш зөв ажил болсон. Гэхдээ дутуу хийчихлээ гэж хардаж байна. Сонсголын үеэр маш олон шударгаар ажиллаж байгаа иргэдийг хохироосон, хуурамч мэдээлэл их явлаа. Огт хамааралгүй компанийг хамаатай мэтээр холбосон. Тиймээс сонсгол хийсэн хүмүүсийг дахин шалгах хэрэгтэй. Гэмгүй хүмүүсийг хамаатуулж, хооронд нь хольж байгаад жинхэнэ эзэд нь энэ хэргээс мултраад үлдчихсэн байх вий гэж санаа зовниж байна.Эмнэлгийн байгууллагын дарга нартай холбоотой олон зөрчил бий. Тодруулбал "Өргөө" амаржих газрын захирал П.Энхцэцэгтэй холбоотой. Ажлын байрны дарамт их гардаг талаар нь уулзаж ярилцсан ч нэмэр болоогүй. Тэр ч бүү хэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмч, эмнэлгийн ажилтнууд бол луйварчид, би үүнтэй тэмцэж байна гэх мэтээр баатрын дүрд их тоглосон. Нэгдүгээр төрөхийн хэвийн үйл ажиллагааг хариуцдаг 400 гаруй хүнийг удирдлагын багт 37 хүн ажиллаж байсны 34 нь ажлаасаа гарсан.
Энэ хүмүүс юу хэлдэг вэ гэвэл бид тайван ажлаа хиймээр байна гэдэг. Үүний цаана ямар эрсдэл тулгардаг вэ гэвэл жилд 5,000-7,000 хүн төрдөг эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа нь алдагдаж байна. Нарийн яривал П.Энхцэцэг "Бүсгүй" гэдэг хувийн эмнэлэгтэй. Эмэгтэйчүүд бүгд мэднэ. Хувийн эмнэлэгтэй хүнийг улсын төрөх эмнэлгийн захирлаар нь тавиад ажилчдыг нь дарамталж байгаад ажлаас нь гаргачихдаг. Үүний цаана өөр ашиг сонирхол бий гэж хардаж байна. Ийм учраас эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах шаардлагатай байна"гэж ярив.