Өндөр гэгээний бүтээсэн нандин шүтээнүүдээр үзэсгэлэн гаргажээ
Богд Хааны Ордон музей “Соёлын бүтээлч сар ” аяны хүрээнд Чингис хаан Үндэсний музей, Чойжин ламын сүм музей, цуглуулагч Б.Амарсанаатай хамтран “Хорин нэгэн дара эхийн чуулган-Өндөр богдын өв” “Бурхан багшийн цахиур эрдэнэ” тусгай үзэсгэлэнг нээжээ. Үзэсгэлэнд Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мутраар бүтээсэн Ногоон дара эх, Хорин нэгэн дара эх тэргүүтэн түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүд, Өндөр гэгээний амьдрал өвд холбогдох намтар түүх, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс бүрдсэн 60 гаруй үзмэр дэлгэн үзүүлж байна.
Энэхүү үзэсгэлэнд Өндөр гэгээний бүтээсэн нандин шүтээнүүдийг нэг дор залж буйгаас гадна Богд хааны Ордон музейн сан хөмрөгт хадгалагддаг монголын төдийгүй дэлхийн хосгүй үнэт өв, нандин шүтээн “Бурхан багшийн цахиур эрдэнэ” -ийг хамт дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм. Үзэсгэлэнгээс Өндөр гэгээний намтрууд, өөрийнх нь өмсөж байсан жанч буюу дах, навчин малгай, гарынх нь дардас, 12 жилт сандал зэрэг олон бүтээлийг үзэх боломжтой.
“Өндөр гэгээний мутрын гайхамшигт хийц, хэрэглэж байсан эд зүйл болон Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагддаг 21 дара эх, Өндөр гэгээний мутрын хийцийн дөрвөн бурханыг Чойжин ламын сүм музейгээс авчран дэлгэж буй энэхүү үзэсгэлэнгээс авшиг энергийг нэг дор хүртэх сайхан боломж гарч байна. Өндөр гэгээний цутгуур гайхамшигтай. Ямар ч гагнаасгүй урласан учраас "нэрмэл цутгуур" гэж нэрлээд байгаа. Биеийн деталь хэсгийг тусад нь хийж гагнасан биш анхнаас нь хээ, чимэглэлтэй нь бүгдийг нь нэг л цутгаснаараа гайхамшигтай. Дундад зууны үеийн хамгийн шилдэг технологи юм. Түүгээрээ гайхагдаж “Азийн Микеланжело” гэж дэлхийн урлаг судлалын оргилууд үздэг ажээ. Үзэсгэлэн Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдрөөс энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.
XVII зууны Монголын бурханы шашин, урлаг, соёлын нэрт зүтгэлтэн Занабазар Халхын Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн болон 1635 оны “Идэр” хэмээх хөхөгчин модон гахай жилийн намрын адаг сарын 25-нд мэндэлжээ. Түүний дээдэс Хиад ястай боржигон овогтой Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн шууд угсааны язгууртан байв. Занабазарыг 5 настай байхад Төвөдийн Жавзан Дарнатын 16 дахь дүр, Халх Монголын Анхдугаар Богдод өргөмжлөн шарын шашны тэргүүнээр залжээ. Анхдугаар Богд 1649-1651 онд Төвөдийн Уй, Зан, Лхас Зуу-д очиж Далай лам, Банчин Эрдэнэ нараас ном үзэн, авшиг хүртэн Монгол нутагтаа буцан иржээ. Тухайн цаг үед Өндөр гэгээн Занабазар монголын бурханы шашин, улс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцож байсан юм.