Эмэгтэй хүнийг зодсон ''Ард''-ын Ч.Ганхуягт шүүх ₮1,3 саяар торгох ял оноолоо
Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн дарга Ч.Ганхуягийг бусдын биед халдсан гэм буруутай гэж үзсэн тул 1.350.000 төгрөгийн торгууль оноожээ.
Харин түүний хүргэн дүү "Ард санхүүгийн нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Б.Золбоог гэм буруутайд тооцож 4,000,000 төгрөгөөр торгосон байна.
Хэргийг сануулахад, 2022 оны арванхоёрдугаар сарын 4-ний 01:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Zu” гэх клубт зодоон болсон байдаг. Энэ үеэр Ч.Ганхуягтай хамт явсан Б.Золбоо хохирогч бүсгүй С-гийн нүүрэн тус газарт нь шилээр цохиж гэмтээсэн, Ч.Ганхуяг ч хохирогчийн биед халдсан нь тогтоогджээ.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Б.Золбоо хохирогч эмэгтэйд хүндэвтэр гэмтэл, Ч.Ганхуяг нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн билээ.