Хүүхэд алга болсон мэдээллийг цахим орчинд нийтлэхгүй байхыг санууллаа
Цагдаагийн байгууллагад насанд хүрээгүй хүүхэд оршин суугаа газраасаа алга болсон гэх дуудлага мэдээлэл хоногт 4-6 бүртгэгддэг. Үүнээс бага ангийн хүүхдүүд алга болсон гэсэн дуудлага хамгийн их бүртгэгддэг.
Харин өсвөр насны хүүхэд алга болсон гэх дуудлага мэдээлэл тодорхой хувийг эзэлдэг. Эдгээр алга болсон хүүхдүүдийн шалтгаан нөхцөлийг тодруулахад бага насны хүүхэд бол хичээлээ тараад ангийнхаа хүүхэдтэй тоглоод харихгүй удсан энэ хугацаанд гар утасных нь цэнэг дууссан учир асран хамгаалагч нь холбоо барьж чаддаггүй. Тиймээс цагдаагийн байгууллагад асран хамгаалагч нь ханддаг. Тэгвэл өсвөр насны хүүхдүүд гэрээсээ олон хоногоор явж буй нь олон шалтгаантай байна.
Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл, эцэг эхтэйгээ таарамжгүй харилцаатай, хэн нэгэнд уруу татагдах гэх мэтчилэн янз бүрийн шалтгаантай байдаг аж.