Залилуулсан иргэдийн хэргийг Хятадын хуулиар шийднэ

8-р сарын 18, 2023 - 08:27
1 жил өмнө
 0  186
Залилуулсан иргэдийн хэргийг Хятадын хуулиар шийднэ

Хятадад барьцаанд орсон гэх монгол иргэдийн асуудлыг шалгаж байгаа бөгөөд тухайн асуудал хууль бус хөдөлмөр эрхлэлттэй холбоотой учир тус улсын хуулийн дагуу арга хэмжээ авдаг болохыг Хятадад суугаа Монголын ЭСЯ-наас анхаарууллаа.

Тодруулбал сэрэмжлүүлэг мэдэгдэлд, Хятадад өндөр цалинтай ажилд зуучилна, ажиллуулна гэх зэрэг олон нийтийн сүлжээнд гарсан зарын дагуу монгол иргэд БНХАУ-д ирж, тус улсын холбогдох хууль журмыг зөрчин хууль бусаар хөдөлмөр эрхлэх, үүнтэй холбоотойгоор сэтгэл санаа, санхүү, хөрөнгөөр хохирох тохиолдол гарсаар байна. БНХАУ-ын Гадаад иргэд хилээр орох, гарахыг зохицуулах хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн иргэдийг 5000-10000 юаниар торгох, хэрэв үйл ажиллагаа нь ноцтой гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5000-20000 юаниар торгох заалттай.

Мөн хууль бусаар ажилд зуучилсан иргэнд БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 335 дугаар зүйлд заасны дагуу 3-7 жил хүртэлх ял оноох хуулийн заалттай. Иймд Хятадад хөдөлмөр эрхлүүлнэ гэх аливаа зар мэдээллийг сайтар судалж, Хятадын холбогдох байгууллагаас зөвшөөрөл болон виз авсны дараагаар хөдөлмөр эрхлэх боломжтой гэдгийг онцгой анхаарч, хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг дахин анхааруулж байна гэжээ.

Хятадад хүнд нөхцөлд ороод байгаа гэх найман монгол хүнтэй Эрээн дэх Консулын газар холбогдож байгаа бөгөөд Гадаад харилцааны яамны Консулын газарт дэлгэрэнгүй мэдээллийг хүргүүлсэн. Тухайн хүмүүс Хэбэй мужийн бүсэд байгаа нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Бээжин дэх ЭСЯ-ны консулын хэлтэст мэдэгдсэн байна.

 Монгол Улсын 32 иргэн өндөр цалинтай ажилд оруулна гэсэн зарын дагуу БНХАУ-ын Хөбэй мужийн Жанчхүү хотын Чанлинь тосгонд очсон бөгөөд ажиллах нөхцөл байдал хүнд гэсэн шалтгааны улмаас ихэнх нь дээрх тосгоноос явсан байна. Одоогоор найман иргэн гадаад паспортоо хураалгасны улмаас явж чадахгүй байгаа гэдгээ мэдэгдэж Бээжинд суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэстэй холбогдсон бөгөөд Консулын хэлтсээс иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу ажил олгогч болон бусад байгууллагатай холбогдон ажиллаж байгаа юм байна.

Share:
186

like

dislike

love

funny

angry

sad

wow