Венецийн биеннальд оролцох уран бүтээлчээр А.Очирболд сонгогджээ
Ирэх сарын 20-нд “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд нээлтээ хийх 60 дахь удаагийн Венецийн биеннальд Монгол Улсын павильон “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдвээр оролцохоор боллоо.
Монголын павильоны үзэсгэлэн уран барималч А.Очирболдын өрөг, орон зайн барималууд байх бол үзэсгэлэнгийн комиссараар Монгол Улсын Соёлын Сайд Ч.Номин, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч CTA О.Оюунтуяа, ко-куратороор ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейн захирал Др. Грегор Янзэн нар хамтран ажиллах юм. Венецийн Арсенал болон Жиардинид байрлах үндсэн үзэсгэлэнд олон улсын 330 уран бүтээлчийг урин оролцуулж байгаа бол 88 улс бие даасан павильоноо үзэгчдийн хүртээл болгоно.
Монголын павильоны уран бүтээлч А.Очирболдын хувьд Буддын шашны догшин сахиус Ситипати буюу төвөдөөр Дүртэддагва шүтээний дүрслэлээс санаа авч хийсэн бөгөөд гурван нүдтэй гавлын яс нь амьдралын мөнх бусыг сануулж, сүнслэг ертөнцийн тухай ойлголт, түүний шилжилт, дээд ухамсар, гэгээрлийн эрэлхийллийг бэлгэддэг ажээ. Очирболдын уран бүтээлийн концепт нь нийгмийн болон хүмүүсийн хөгжил, харилцааны өөрчлөлт, түүнчлэн хүн төрөлхтний ухамсрын даяарчлалын бодит дүр төрхийг ажигласан судалгаан дээр тулгуурлажээ.
Монголын павильоны хэвлэлийн бага хурал, албан ёсны нээлтийн ажиллагаа дөрөвдүгээр сарын 18-нд 16:00 цагт эхлэх юм. Мөн дараах цахим хуудас http://www.2024mongolian-pavilion.org/ болон https://www.facebook.com/2024MongolianPavilion/ хаягаар мэдээллийг хүлээн авах боломжтой.