УИХ-ын намрын чуулган МАРГААШ нээлтээ хийнэ
2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент маргааш намрын анхны чуулганаа эхлүүлэх гэж байна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг.
Маргааш чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдах юм.
УИХ эхний долоо хоногтоо дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай
- Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-нд өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
- Нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/