ЦЕГ: Мөрдөн шалгах ажиллагаа, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өгөхдөө "Дорноговь аймагт сураггүй алга болсон охины эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Өмнөговь, Дорноговь аймгийн цагдаа болон онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажлыг хийж байна. Ажиллагааг автомашинаар болон нисдэг тэргээр хийж байгаа бөгөөд зэргэлдээ сум, аймгийн нутаг дэвсгэрийг хамарч хийж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг хүсч, уриалъя. Мэдээллийг үнэн зөвөөр нь, баттай эх сурвалжаар авч, мэдээлэх нь зүйтэй. Манай Дотоодын хяналтын аюулгүй газраас шалгалт явуулж, алдаатай мэдээлэл цацсан ажилтанд арга хэмжээ авна.
Мөрдөн байцаалтын мэдээ мэдээллийг олж авсан хүн, алба хаагч прокурорын зөвшөөрлөөр олон нийтэд мэдээлэх ёстой. Сэжигтэн өөрийгөө хутгалсан гэх бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан байсан. Энэ бичлэгийг албаныхан шалгаж байгаа. Гэмт хэргийн талаарх мэдээллийг мэдээлэхийн тулд прокуророос зөвшөөрөл авч, мэдээлэх боломжтой гэж үзсэн хэмжээнд мэдээлэл өгдөг гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.
Мөн албаныхан "Мөрдөн шалгах ажиллагаа, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Дорноговь аймагт камер суурилуулсан ч хангалтгүй хэмжээнд байгаа. Гадаад орнуудад хоёр жил тутам камерыг сольж, шинэчилж байдаг. Улаанбаатар хотын төв хэсгээр 300 гаруй камер байгаа. Энэ бүсэд гарсан гэмт хэрэг 70 орчим хувийн илрүүлэлттэй байдаг. Хүүхэд алга болсон хэргийг камераар шүүж илрүүлдэг. Гэр бүлийн хүрээнд гарсан зөрчлийг бүртгэж, сан бий болгоод нэг жил болж байна. Хороо дүүргийн мэргэжилтнүүдтэй байнга хамтран ажилладаг. Мөн эцэг эхийн хараа хяналт чухал байгааг онцлон хэлмээр байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, бага насны хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн этгээдийг ил тод мэдээлж, вэб сайтад байршуулдаг болно.
Тээврийн цагдаагийн алба цагдаагийн байгууллагын нэг нэгж учраас бүрэн чадлаараа дайчлагдан ажиллаж байгаа. Насанд хүрээгүй хүүхэд алга болсон тохиолдолд шууд эрэн хайх ажиллагааг эхлүүлдэг. " гэдэг мэдээллийг өглөө.