Н.Ганибал: Үндэстэн дамнасан олон улсын гэмт хэргийн үйлдлүүдийг гаргана
Ардчилсан Нам (АН)-аас УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан "но-той ногоон автобус"-ны ажлын хэсгийнхэн мэдээлэл хийлээ.
Энэ даваа гарагт болсон АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцсэн ногоон автобустай холбоотой асуудлын талаар АН-ын ҮБХ-ны гишүүн М.Чимэддорж дараах мэдээллийг өглөө. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ногоон автобус худалдаж авсантай холбоотой шууд гэрээ байгуулсныг санаатайгаар эрх зүйн орчин бүрдүүлж улсын нууц, үндэсний аюулгүй байдлын асуудалд хамруулах замаар олон тооны өндөр дүнтэй гэрээнүүдийг байгуулсан байж болзошгүй гэж дүгнэсэн байна.
Иймд АН-аас өнгөрсөн долоон жилийн хугацаанд шууд гэрээ байгуулах замаар худалдан авсан мэдээллүүдийг цуглуулж дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг байгуулжээ.
Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Ганибал ахалж байгаа аж.
Түүнчлэн 2016 онд Төрийн нууцын тухай хуулийг хүчингүй болгож Төрийн болон албаны нууцын тухай болгож баталсныг нууцын хүрээг өргөтгөх замаар янз бүрийн зүйлсийг нууцад хамруулах эрхзүйн орчныг нээсэн байна гэж АН-ын зүгээс харж байгаагаа илэрхийлэв.
Мөн Худалдан авах ажиллагааны хуульд 2020 оны тавдугаар сард орсон өөрчлөлт нь улсын нууцад хамааруулж шууд гэрээ байгуулах хэлбэрүүдийг өргөтгөсөн гэж үзжээ.
Өнгөрсөн хугацаанд том үнийн дүнтэй гэрээнүүдийг нууцад болон үндэсний аюулгүй байдалд хамруулах замаар шууд гэрээ байгуулдаг зүйлс газар авсан гэдгийг АН-ын төлөөллүүд онцолж байв.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал "Хуульд өөрчлөлт оруулж нууц гэрээнүүд байгуулсныг олон нийтэд ил болгох түр хороог АН-ын бүлгээс санаачлаад явж байна. Хуулиар халхавчилсан хулгай бол Монгол төрийн хамгийн том хулгай. Үндэстэн дамнасан олон улсын гэмт хэргийн үйлдлүүдийг гаргаж эхэлнэ" гэв.