“Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, ерөнхий нягтлан бодогч нарт хилийн хориг тавьж, гэрч яллагдагч нартай уулзахыг хоригложээ
Нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Шүрэнхишиг нарт “Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай” саналыг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцжээ. Прокуророос яллагдагч Б.Түвшинбаяр, Г.Шүрэнхишиг нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал хилээр гарахыг хязгаарлах, мөн нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг шүүхэд гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Б.Түвшинбаяр, Г.Шүрэнхишиг нарт холбогдох хэргийг шийдвэрлэтэл тэднийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг авчээ. Б.Түвшинбаяр, Г.Шүрэнхишиг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.