Сүүлийн долоон хоногт хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50, хүчингийн хэрэг 78 хувиар өссөн
Ерөнхий сайд Хүүхэд тэр дундаа бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах хүрээнд нэн яаралтайгаар хуулийн төслийг боловсруулахыг ХЗДХ-ийн сайдад үүрэг болгосон. Даваа гарагт хоёр намын бүлгийн хуралдаанд хуулийн төслийг ноорог байдлаар танилцуулсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд УИХ-д өргөн барих хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Эрүүгийн хуульд ямар өөрчлөлт оруулах талаарх танилцуулга хийхээс өмнө мэдээллийг шүүлтүүртэйгээр мэдээллийг түгээж өгөхийг хүсэж байна. Өнөөдөр өглөөний байдлаар сүүлийн долоон хоногийн мэдээллийг авч үзэхэд гурван төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдсэн байна. Амиа хорлох гэмт хэрэг 55, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50, хүчиндэх гэмт хэрэг долоо хоногийн дотор 78 хувиар өссөн. Энэ төрлийн гэмт хэргийн мэдээллийг нийтэд шүүлтүүргүй түгээх нь сэтгэцийн гэмтэлтэй хүмүүст сэдэл өгч, гэмт хэргийг гаралт өсөхөд нөлөөлдөг хүчин зүйл болж байгаа нь биднийг түгшээж байна.
Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлт:
Бүх насаар хорих ял ногдуулахаар заасан хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тоолдоггүй. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг 20 жил байсныг 30 жил болгож байгаа. Бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг үйлдсэн хүн худалдаалах хэргийн хөөн хэлэлцэх хугацаагүй болж байна.
-
Хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүн бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг үйлдсэн хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй.
-
Бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг үйлдсэн хүн худалдаалах гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтанг хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахгүй.
-
Бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгоно. Сүүлийн таван жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь нь 18 насанд хүрээгүй хүүхэд байсан. Хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 3 хүн тутмын 2 нь хүүхэд байна. Сүүлийн 2 жилд 432 хүнийг энэ төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оноосон байна. Энэ ял ногдуулсан ялтны 22.7 хувь нь 98 хүн урьд нь ял шийтгүүлж байсан хүн. Ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр дээр анализ хийхэд 2021 оны 54.6 хувьд 10-15 жилийн ял, 2022 онд 52.4 хувьд 10-15 жилийн ял оногдуулсан байна. Бага насны хүүхдийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэрэг, тэр дундаа бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт ногдуулах Эрүүгийн хуулийн ялын бодлогыг чангаруулах шаардлагатай гэдгийн нотолгоо болж байна. 2013-2023 оны хугацаанд бусдыг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн 3879 хүн суллагдсан байна. Үүний 52.9 хувь хүнийг алах, 45.4 хувь хүчиндэх, 13.7 хувь нь бага насны хүүхдийг хүчиндэх, 1.6 авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдсэн хүмүүс байна. Дээрх суллагдсан 3879 хүнээс ЗУРГАА нь дахин гэмт хэрэг үйлдсэн. Эдгээр магадлангаар гарсан хүмүүсийн 77.5 хувь нь шүүгчийн захирамжаар, 12.2 хувь хорих ялын хугацаа дууссан, 5.6 хувь Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдсан 2.6 хувь нь өвчний учраас, 0.9 хувь нь Өршөөл үзүүлэх хуульд хамрагдаж, 0.6 хувь Улсын дээд шүүхийн тогтоолоор 0.2 хувь нь Ерөнхийлөгчийн зарлигаар тус тус хугацаанаас өмнө суллагдсан байна.
-
Эрүүгийн хууль дахь Бага насны хүүхдийн насны хязгаарыг 14 байсныг 16 нас болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэгдлээ. Ингэснээр 14-16 насны хүүхдүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа ялын бодлого одоо Эрүүгийн хуульд байгаа 14-ээс доош насны хүүхдүүдтэй адил болж байна гэсэн үг.
Хүчиндэх гэмт хэргийн шинжийг хоёр хувааж үзлээ.
-
2016 оны буюу одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар хүчиндэх гэмт хэргийг бэлгийн харьцаанд орж, хурьцал үйлдэл үйлийг хурьцал үйлдээгүй ч бие эрхтэн бусад газар хүрсэн завдалттай адилаар ял шийтгэдэг онцлогтой. Тийм учраас энэ үйлдлийг хоёр салгаад хурьцал үйлдсэн буюу төгссөн үйлдлийг хүнд гэмт хэргийн ангилалд оруулж, 2-8 жил болгон хүндрүүллээ. Насны ангилалыг 0-14, 14-16, 16-18 гэж ял шийтгэлийн бодлогыг зааглалаа. Яагаад ингэж зааглаж байна вэ гэвэл бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон үйлдлийг өөрөө зөвшөөрсөн, хүч хэрэглээгүй байснаас үл хамаарч хүчиндэх гэмт хэрэгт тооцдог. Насны ангилалыг нарийн зааглахгүй бол 14-16 насны хоёр хүүхэд дурлалцаад, хайр сэтгэлийн үүднээс бэлгийн харьцаанд ороход хоёулаа бүх насаар хорих ялаар шийтгэгдэх үр дагавар гардаг учраас насны ангилал нь ШУ-ын үндэслэлтэй.
-
Хүчээр бэлгийн харьцаанд орох үйлдлийг гэмт хэргийн хүнд ангилалд оруулсантай холбоотойгоор гэмт хэрэг үйлдсэн этгээд тэнсэгдэхгүй" гэлээ.