Ши Жинпинь G20-ийн уулзалтад оролцохгүй байж магадгүй

9-р сарын 1, 2023 - 13:51
2 жил өмнө
 0  20
Ши Жинпинь G20-ийн уулзалтад оролцохгүй байж магадгүй

Ирэх 7 хоногт Энэтхэгт эхлэх "Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалт"-д Хятадын дарга Ши Жиньпин очихгүй байж магадгүй байна. 

Энэтхэг болон Хятадын албан мэдээлэлд ойр эх сурвалжуудад түшиглэн “Ройтерс” энэ талаар мэдээлж байна.

Ирэх сарын 9-10-нд Нью-Делид чуулах Хорийн бүлгийн орнуудын удирдагчдын уулзалтад Хятадын талаас Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян очно гэдэг мэдээллийг Энэтхэгийн Засгийн газрын хүрээний хоёр ч эх сурвалж нотолсон талаар энд мэдээлсэн байна.

Тэдгээр болон бусад нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжууд Хятадын дарга 20-ийн бүлгийн уулзалтыг алгасч магадгүй байгаа шалтгааны тухайд ямар нэг мэдээлэлгүй байгаа юм байна.

Уулзалтыг даргалагч Энэтхэг болон Хятадын ГХЯ-дын зүгээс энэ тухайд одоогоор ямар нэг тайлбар мэдээлэл өгөөгүй байна.

АНУ, Хятад гэсэн дэлхийн тэргүүлэх хоёр их гүрэн хооронд худалдааныхаас авахуулаад геополитикийн шинжтэй цөөнгүй зөрчил маргаантай байгаа харилцаагаа тогтворжуулах эрмэлзлийн хүрээнд энэ жилийн Хорийн бүлгийн чуулга уулзалт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Хятадын дарга Ши Жиньпин нарын уулзалтын удаах талбар болж магадгүй гэдэг хүлээлт олон улсад байсан.

Сүүлийн саруудын туршид Америкийн цөөнгүй тооны өндөр дээд албаныхан Бээжинд цуваа айлчлал хийж, энэ 7 хоногт гэхэд Худалдааны сайд Жина Раймондо айлчилсан нь Жо Байден, Ши Жиньпин нарыг уулзах болов уу гэдэг найдлагыг бүр ч ихэсгээд байсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн тухайд Энэтхэгт очно гэдгээ хэдийнэ баталгаажуулсан. Ши Жиньпин, Жо Байден нар үүнээс өмнө өнгөрсөн оны 11 дүгээр сард Индонезийн Бали аралд "Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалт"-ын хүрээнд уулзалдсан юм.

Үүний зэрэгцээ Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Нью-Делид очихгүй, Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг орондоо илгээнэ гэдгээ нотолсон.

Мөн тэрбээр ирэх 10 дугаар сард Хятадад “Бүс ба Зам”-ын гурав дахь чуулга уулзалтад оролцох Хятадын даргын урилгыг хүлээж авч, энэ айлчлалд холбогдох асуудлыг хоёр тал боловсруулж байгаа гэх мэдээллийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Песков өчигдөр өгсөн байна.

Америк, Хятадын удирдагчдын нүүр тулж уулзах магадлалтай дараагийн нэг талбар нь энэ оны 12 дугаар сарын 12-18-нд Сан-Францискод болох Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын уулзалт гэж тооцогдож байна.

Хятад улсын даргаар түүхэн гурав дахь бүрэн эрхээ өнгөрсөн онд баталгаажуулсан Ши Жиньпин энэ оны эхээр цар тахлын гурван жилийн хатуу хориг хязгаарлалт цуцлагдсанаас хойш тоотой хэдэн гадаад айлчлал хийгээд байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкт "БРИКС" бүлгийн дээд уулзалтад очсон юм. 

Share:
20

like

dislike

love

funny

angry

sad

wow