Сэтгүүлч Н.Өнөрцэцэг гэрээслэл бичээд өчигдрөөс өлсгөлөн зарлажээ
Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг гэрээслэл бичээд өлсгөлөн зарласан талаар өмгөөлөгчөөрөө дамжуулан захидал илгээсэн байна. Учир нь түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Харин өмгөөлөгч нарын зүгээс цагдан хориог өөрчлүүлэх хүсэлтээ шүүхэд хүргүүлж, шүүх өчигдөр уг асуудлыг хэлэлцсэн ч үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн билээ.
Сануулахад, түүнийг мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Тиймээс энэ бүхэн нь цагдан хорих үндэслэл болсон" хэмээсэн цагдаагийн байгууллагаас тайлбарласан байдаг. Захидалдаа "
Наран овогтой Өнөрцэцэг би хууль бусаар цагдан хоригдоод ес хонож байна. Маш хэцүү, амаргүй өдрүүд үргэлжилж байна. Асуудлын учир олдох байх. Хийсэн хэрэг үгүй учир гаргачих байх гээд ерөнхийдөө хүлээцтэй хандлаа. Н.Өнөрцэцэг намайг ил тод шалгахгүй байгаа учир өлсгөлөн зарлаж байна. Би шалгуулахгүй гээгүй. Намайг сайн шалга. Шалгахдаа харин хуулийн хүрээнд нээлттэй, ил тод шалга гэж хоригдохоосоо өмнө ч, хоригдсон хойноо ч хүсч байгаа. Ард түмэн ч намайг ямар хэргээр буруутгагдаад хоригдоод буйг мэдэг. Сонин, хэвлэлээр Н.Өнөрцэцэгийг шалгах ажлын хэсэг байгуулсан гэж сүржин мэдэгдэх атлаа энд ирээд мэдүүлэг авч байгаа мөрдөгчдийн яллах тогтоол хатуу хэлэхэд “онигоо” муухан бичсэн зохион бичлэг. Миний бичээгүй мэдээний талаар надаас асууж байх юм. Миний бичсэн мэдээ, цэг, таслал бүр “илт худал мэдээллийг” агуулаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хоёрын хоёр охиноо Боловсролын зээлийн сангийн зээлээр сургасан нь үнэн. Аравдугаар Богдын эмээ зээлтэй байсан. Сэтгүүлч мэдээлсний дараа төлсөн нь үнэн. Шүүх энгийн иргэнд төмөр нүүрээ гаргаж төрийн түшээдийн өмнө бөхийдөг нь үнэн. Намайг буруутгаж буй энэ гомдлууд илт худал мэдээлэл мөн байна уу, биш байна уу та бүхэн саналаа хэлээрэй. Ийм л гомдлуудаар би өнөөдөр торны цаана сууж байна. Би маш их гомдолтой байна. Эрх мэдэлтнүүдийн эсрэг зогсоход хэцүү, хүч тэнцүүгүй тулаанд ороход дэндүү том хохиролтой байна.
Тиймээс эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж, өлсгөлөн зарлахаас өөр сонголт сэтгүүлч надад үлдсэнгүй.
“Үгэнд ор, үгүй бол шоронд ор” гэх сүрдүүлгийг маш аймшигтайгаар шуурхай гүйцэтгэж буй шат шатны хууль хяналтын байгууллагуудын улаан цайм үйлдлийг Ерөнхий шүүгч, УЕП,ЦЕГ-ын дарга нар анхааралдаа авч, шударга ёсны талд зогсч өгнө үү.
Хоригдогч Нарангийн Өнөрцэцэг 2023.12.13