Парламентын гишүүдийн тоог 152 болгох, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах өөрчлөлтийг ҮХНӨ-ийн төсөлд МАН-ын эрх баригчид тусгажээ

5-р сарын 3, 2023 - 13:26
2 жил өмнө
 0  81
Парламентын гишүүдийн тоог 152 болгох, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах өөрчлөлтийг ҮХНӨ-ийн төсөлд  МАН-ын эрх баригчид тусгажээ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газраас УИХ-ын даргад өргөн барьсан талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн нэг дэх заалтад өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлж байна. Уг төсөлд УИХ нэг танхимтай байна, УИХ-ын 76 гишүүнийг мажоритар, 76-г нь пропорционал аргаар сонгоно гэдэг өөрчлөлтийг орууллаа. 

Үндсэн хууль бол Монголын хүн амын эрх ашиг, урт хугацааны хөгжлийн зорилтыг хангах үндсэн үүрэгтэй, УИХ, Засгийн газар, шүүх засаглалын хоорондын харилцааг зохицуулдгаараа хүн бүрийн аж амьдралд хамаатай хууль юм. Монгол Улстай ижил гараанаас гарсан улстай харьцуулахад улсын болон хүн амын хөгжил, амьдралын чанар хангалттай хэмжээнд хүрч чадаагүй байна. Энэхүү томоохон өөрчлөлтийг авчрах сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг боловсрууллаа. 

Тухайлбал, Засгийн газар хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ барьж чаддаггүй нь сонгуулийн мажоритар тогтолцооноос хамааралтай. Тэгвэл өнөөдрийн Засгийн газраас өргөн барьж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд парламентын гишүүдийн 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорционал аргыг сонгогддог болохыг тусгаснаараа онцлог юм. 

Манай улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд дунджаар 15 гишүүнтэй байж ирсэн. Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүний ажил албан тушаалыг эрхлэхэд УИХ-ын гишүүний үйл ажиллагаанд тодорхой хэмжээний доголдол үүсэж байсан. Үндсэн хуулийн цэцээс Засгийн газрын гишүүнээр ажиллах боломж УИХ-ын гишүүнд нээлттэй байх ёстой. Үүний хажуугаар УИХ Засгийн газарт хяналт тавих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзсэн. 

Олон улсын жишгээс харахад парламентын гишүүний тоо бага байгаагаас уг асуудал үүсэж байгааг Цэц тогтоолынхоо үндэслэл хэсэгт дурдсан. Тэгвэл энэ асуудлыг үндэслэж, УИХ-аас Засгийн газарт тоог судалж оруулж ирэх үүрэг өгсөн гэдгийг хэлмээр байна. 

Гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж байгаа нь Монгол Улсын парламентын сонгуулийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана. Сонгуулийн холимог тогтолцооны эхлэлийг тавьж байна. Энэхүү тогтолцоог дан ганц өнөөдөр яриагүй.

Парламентын гишүүд хэт цөөн болохоор эрх мэдэл төвлөрдөг гэж олон улсад үздэг. Тиймээс дунджаар 152-оос дээш парламентын гишүүнтэй байх чиг хандлагыг баримталж байна" хэмээв.

Share:
81

like

dislike

love

funny

angry

sad

wow