Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр цас орохгүй
Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын уулархаг бүсэд нойтон цас орсон. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэр дэх цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын синоптик инженер Ц.Цолмонгоос тодрууллаа.
-Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын цаг агаар ямар байх вэ?
-Есдүгээр сарын 25-нд нийслэлийн нутаг дэвсгэрээр бороо орж, есдүгээр сарын 26-нд шилжих шөнө уулархаг хэсэгт нойтон цас орсон. Өнөө шөнөдөө ялимгүй хур тунадас орж, ойрын тав хоногт агаарын температур шөнөдөө 1 хэм дулаан, өдөртөө 7-10 хэмийн дулаан байна. Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр цас орохгүй. Харин өнөө шөнөөс эхлэн баруун аймгийн нутгаар буюу Баян-Өлгий, Ховд, Завхан аймагт их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа. Тиймээс иргэд, тээвэрчид шаардлагагүй тохиолдолд дээрх чиглэлд зорчихгүй байх, зорчих тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг зөвлөж байна.
-Цас хэр хэмжээгээр орсон тохиолдолд аюултай үзэгдэлд тооцдог вэ?
-Цас 5-10 мм-ийн зузаантай орсон бол аюултай үзэгдэл, 10 мм-ээс дээш зузаантай байвал гамшигт үзэгдэлд ордог.
-Өнөөдрөөс хүйтэрч эхэлж байна. Ирэх өдрүүдэд дулаарах уу?
-Есдүгээр сарын 29-нөөс нутгийн өмнөд хэсгээр, есдүгээр сарын 30-наас ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байна.