Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй цагдаагийн дөрвөн алба хаагчийг ажлаас нь чөлөөлсөн
Цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн гэх мэдээллийн талаар хэвлэлийн хурал хийлээ.
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Н.Мишигдорж "Цагдаагийн байгууллагын нэр бүхий алба хаагчтай холбоотой мэдээлэл цахим орчинд гараад байна. Манай нэгж хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Улмаар цагдаагийн алба хаагч насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэдэг мэдээллийн өөрсдийн хяналт шалгалтын хүрээнд илрүүлж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж байгаа. Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цахим орчинд цагдаагийн байгууллага цагдаадаа хариуцлага тооцож чадах уу гэдэг асуулт иргэдийг ихээхэн эргэлзүүлж байх шиг байна. Үүнд тайлбар өгөхөд алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Цагдаагийн алба хаагчдыг өмгөөлж хамгаалах, нуун дарагдуулах асуудал байхгүй. Иймд иргэд та бүхэн зөвөөр ойлгож, хүлээж авахыг хүсэж байна. Одоогоор тухайн алба хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Прокурорын зөвшөөрөгдсөн хэмжээний дагуу ийм мэдээлэл өгөх боломжтой" гэлээ.
Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа П.Очбадрах "Цагдаагийн алба хаагчийн хэрэг мөрдөн байцаах шатанд явж байна. Бид хууль, журмын дагуу арга хэмжээ авна. Эмзэг мэдээллийг янз бүрийн байдлаар түгээвэл хохирогчийг эрсдэлд учруулах аюултай. Хэвлэл мэдээллийн байгууллага ч гэсэн энэ дээр анхаарах хэрэгтэй. Иймд мөрдөн байцаах албаны зүгээс энэ хэргийн талаар зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл өгч байна" гэв.