Мөс цөмөрч, мотоциклтой зорчиж байсан нэг хүн живжээ
Мөсөн дээгүүр явж байгаад цөмөрсөн хоёр дуудлага, мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал Булганы Хутаг-Өндөр сумын нутагт өчигдөр орой 20:00 цагийн орчим хоёр хүн Сэлэнгэ мөрнөөр мотоциклтой гарч яваад голын мөсөнд цөмөрч, нэг нь уснаас эсэн мэнд гарсан бол нөгөө нь живсэн байна.
Тус сумын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 26 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт хоёр зорчигчтой УАЗ 220695 загварын машин Цагаан голын мөсөнд цөмөрч, усанд суусан байсныг татаж гаргажээ.
Иймд иргэд зам товчлох, хугацаа хожих байдлаар гол нуурын мөсөн дээгүүр зорчиж, амь бие, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.