Морин тойруулгатай болсноор Монголд анх удаа хэрээр морин спортыг үзэгч, сонирхогчдын хүрээг нэмэгдүүлнэ

3-р сарын 19, 2024 - 18:14
9 сарын өмнө
 0  15
Морин тойруулгатай болсноор Монголд анх удаа хэрээр морин спортыг үзэгч, сонирхогчдын хүрээг нэмэгдүүлнэ

Үндэсний өв соёл, уламжлалыг олон улсад сурталчлан таниулах, морин спортыг аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх зорилгоор “Хайпэй” компаниас санаачлан Монголд анх удаа холын зайн морин тойруулгын уралдаан зохион байгуулах гэж байна.Орчин цагийн монгол адуунд зориулсан дөрвөн километр урт морин тойруулгыг Төв аймгийн Сэргэлэн суманд барихаар зураг төслийг нь бэлэн болгожээ. Барилгын ажлыг энэ сарын 1-нд эхлүүлсэн бөгөөд тавдугаар сард ашиглалтад оруулах юм.


Морин тойруулгатай болсноор дотоод, гадаадын үзэгчид монгол морины уралдааныг ая тухтай байдлаар үзэх боломжтойн сацуу олон төрлийн дагалдах бизнес хөгжиж, ажлын байр нэмэгдэнэ гэдгийг “Хайпэй” компанийн ерөнхий захирал Б.Наранбат онцоллоо.Тэрбээр ярихдаа, “Үндэсний морин уралдааныг илүү ая тухтай байдлаар үзэгчдэд хүргэхийг зорьж байгаагийнхаа хэрээр морин спортыг үзэгч, сонирхогчдын хүрээг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Хотоос 44 километрийн зайд байрлаж байгаа учир Улаанбаатарын иргэд очиж үзэх боломжтой. Мөн Монголд богино хугацаагаар ирсэн Хятадын жуулчдад үндэсний өв соёлоо үзүүлэх, сурталчлах нэг хэлбэр нь морин уралдаан байх болно” гэв. Монголд анх удаа морин тойруулгын уралдааны нэгдүгээр шат ирэх тавдугаар сарын 3, 4-нд, хоёрдугаар шатны уралдаан 11-нд болно. Морин тойруулгын нэг удаагийн уралдаанд 40 морь уралдуулах бөгөөд дөрвөн насны ангилал тус бүрд 160 хүлэг шандас сорино.

Уралдааны бүртгэлийн хураамж 3.5 сая төгрөг байх бөгөөд орлогыг шимтгэл авахгүйгээр 100 хувь шагналын санд хуваарилж буйгаараа онцлог аж.

Нийт 2.24 тэрбум төгрөгийн шагналын сантай уг уралдааны тэргүүн байрт орсон хүлгийн шагнал 224 сая төгрөг байх бөгөөд морины эзэн шагналын 50 хувь болох 112 сая төгрөг, уяач 40 хувь буюу 89 сая төгрөг, морь унасан хүүхэд нь 10 хувь буюу 22 сая төгрөгийн эзэн болох юм. Нэгдүгээр шатны уралдааны зай 8.6-12.6 км байх бол хоёрдугаарт шатных 12.6-16.6 км байх аж. Уралдааны дүрэмд эр, эм харгалзахгүй, сэрвээ хэмжихгүй, харин шүдэлнэ гэж заасан байна. Тус компани Дорноговь аймгийн Замын-Үүд суманд мөн морин тойруулга барихаар 80 га газрыг дуудлага худалдаагаар авч, энэ ондоо багтаан бүтээн байгуулалтаа эхлэхээр зорьж байгаа аж.


Энэ нь хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзжээ.

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow