Монголчууд ус, сүүг урвалд оруулахгүй, хүнс муутгахгүй эко сав үйлдвэрлэж эхэллээ
“Монзол” группын Ерөнхийлөгч Ч.Чинбат, УИХ-ын гишүүн Чинбатын Ундрам нар “УСНЫ ЭКО САВ” шинэ үйлдвэрийн үйл ажиллагааг өнөөдөр /2024.04.04/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нарт танилцууллаа.
Олон улсын чанар, стандартад нийцсэн, эрүүл, аюулгүй, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн энэ шинэ үйлдвэр 2023 оны арваннэгдүгээр сард үүдээ нээж, үйлдвэрлэлээ эхлүүлсэн юм. Энд БНСУ-ын "Dae Lim chemical" компанийн хүнсний зориулалттай, HDPE 5502 буюу нэн өндөр нягтралтай, хэт ягаан туяа, чийг, химийн бодист тэсвэртэй, хөнгөн түүхий эд ашиглан 60-100 литрийн багтаамжтай шингэн хүнсний савыг үйлдвэрлэж байна.“Монголд үйлдвэрлэв” шошготой шинэ бүтээгдэхүүн нь химийн хорт бодис ялгаруулдаггүй, хүнсний чанарыг муутгахгүйгээр удаан хадгалдаг онцгой давуу талтай. Ус, сүү, айраг, цагаан идээ зэрэг шингэн хүнс хадгалахад химийн урвалд орохгүй, элдэв амт, үнэр шингэхгүй, хөгц, мөөгөнцөр үүсэхгүй, зэвэрдэггүй, хөнгөн, бат бөх шинж чанартай, -80ºС+180ºС хэмд тэсвэртэй. Битүүмжлэл сайтай, том амсартай тул угааж цэвэрлэх, ариутгах, хатаахад хялбар.
Нэмэлтээр суурилуулдаг цорго нь саван дахь шингэнийг юүлэхэд хялбар, өөрт нь буй ховил суваг нь эвдэрч гэмтэхгүй, ачаалал даах чадварыг нь нэмдэг. Мөн үйлдвэрлэх, дахин боловсруулахад эрчим хүч, ус ашиглалт, хаягдал багатай, байгальд ээлтэй, хөгжингүй орнуудын стандартад нийцсэн эко бүтээгдэхүүний давуу талуудыг онцлон танилцуулсан байна.