Монгол цэргүүд олон улсын наадмаас 11 медаль хүртлээ
ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод олимпын бус дэлхийн топ спортуудын олон улсын анхдугаар наадам зохион байгуулагджээ. Тус наадамд 28 орны тамирчин 10 төрлөөр оролцсон байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний долоон цэргийн алба хаагч туухай өргөлтөөр ур чадвараа сорин өрсөлдөж, өндөр амжилт үзүүлэв. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 58 кг жинд огцом өргөлтөөр дэслэгч Б.Анхзаяа (325) мөнгө, багийн төрөлд алт, 68 кг жинд огцом өргөлтөөр ахлагч ахлагч П.Ганзаяа (232) мөнгө, багийн төрөлд алтан медаль тус тус хүртжээ.
Эрэгтэйчүүдийн 68 кг жинд туухай өргөлтийн дэлхийн хошой аварга, ОХУ-ын Цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академийн сонсогч Э.Буджав ганцаарчилсан төрөлд мөнгө, багийн төрөлд хүрэл, +68 кг жинд ахлагч Л.Түвшинтөгс (150) мөнгөн медаль, 73 кг жинд ахлах ахлагч Б.Цэрэнбат (150), хасах 95 кг жинд ахлах ахлагч Л.Билэгтбаатар (350) нар багийн төрлөөр тус бүр хүрэл медалийн эзэд болжээ. Мөн нэмэх 95 кг жинд ахлах ахлагч Б.Найдансүрэн (150) ганцаарчилсан болон багийн төрөлд хүрэл медаль тус тус хүртэж, хос медальтан болсон байна. Ингэснээр Монгол Улсын Зэвсэгт хүчний долоон цэргийн алба хаагч 11 багц медаль буюу хоёр алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилттай үзүүллээ. Ингэснээр Узбекстан Улсад есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээнд оролцохоор боллоо.