Мексик улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

6-р сарын 4, 2024 - 12:32
7 сарын өмнө
 0  18
Мексик улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

Мехико хотын захирагч асан Клаудиа Шэйнбаум өнгөрсөн Ням гарагт болсон сонгуулийн санал хураалтаар Мексик улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болжээ.


Байгаль орчны судлаач мэргэжилтэй 61 настай Шэйнбаум одоогийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадорын ойрын холбоотон, эрх баригч зүүний намын нэр дэвшигч юм. 1962 онд Мехико хотод төрсөн түүний өвөг эцэг, эмэг эх нь Болгар, Литвиэс дүрвэж ирсэн жүүд цагаачид байжээ.60 орчим хувийн ирцтэй зохион байгуулагдсан сонгуулийн санал хураалтын дараах байдлаар Шэйнбаум 60 орчим хувийн саналаар ялсныг Мексикийн Сонгуулийн Үндэсний Хүрээлэн мэдээлсэн байна. Энэ нь өөр нэг эмэгтэй нэр дэвшигч Хочитл Галвезаас 30 гаруй нэгж хувь, цорын ганц эрэгтэй нэр дэвшигч Хорхе Алварез Майнезаас 50 орчим нэгж хувиар давсан үзүүлэлт юм. Мексик улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болсноор аллага хүчирхийлэл, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хийх тэмцэлд ахиц дэвшил гарч магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Тус улсад өдөр тутам 10 эмэгтэй бусдын гарт алагдаж байдаг гэсэн статистик бий. 2006 онд Мексикийн эрх баригчид хар тамхины картелуудын эсрэг зэвсэгт хүчнийг ашиглаж эхэлснээс хойш 450,000 гаруй хүн алагдаж, олон арван мянган хүн сураггүй алга болжээ.


129 сая хүн амтай Латин Америкийн томоохон улс Мексикт 100 орчим сая сонгогч бүртгэлтэй байдаг. Ням гарагт мексикчүүд шинэ ерөнхийлөгчөө сонгосноос гадна Конгрессын хоёр танхимын гишүүд, хэд хэдэн мужийн захирагч, түшмэдүүд зэрэг нийтдээ 20,000 гаруй төрийн албан тушаалтныг сонгосон юм.Энэ сонгуулийн кампанит ажлын үеэр 38 нэр дэвшигч алагдсан нь хар тамхины картелууд орон нутгийн засаг захиргаанд өөрийн нөлөөг тогтоох зорилготой холбоотой байв.

Анхны гэрлэлтээсээ нэг хүүхэдтэй Шэйнбаум 2023 оны арваннэгдүгээр сард их сургуулийн ангийн найз, физикийн ухааны доктор Хесүс Таррибатай гэрлэж байжээ.

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow