Машин мөргөлдөж, хоёр хүн нас баржээ
Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг багийн Сант-Овоо гэдэг газарт суудлын хоёр автомашин мөргөлдсөн ноцтой осол өчигдөр гарч, машины эд ангид 4 хүн хавчуулагдан гэмтэж, 2 хүн нас баржээ. Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын “Харриер” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ш-ийн “Аксио” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас “Харриер” загварын суудлын автомашинд зорчиж явсан 31-65 насны дөрвөн хүн гэмтсэн байна. Гэмтсэн иргэдийг ГССҮТ-ийн түргэн тусламжийн 2, нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн зориулалтын 1 автомашинаар тээвэрлэн ГССҮТ-д авчирсан байна. Харин “Аксио” загварын суудлын автомашинд зорчиж явсан 54-58 насны хоёр хүн нас барсан байна.