Л.Оюун-Эрдэнэ: ЭТТ компанийн 2022 оны ногдол ашиг ₮116,000-ыг иргэдийн дансанд шилжүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баялгийн сангийн асуудлаар мэдэгдэл хийж байна.
Мэдэгдлийн эхэнд Үндэсний Баялгийн сангийн хуулийн төслийн хамтран боловсруулахаар МАН, АН, ХҮН намын дарга нар гарын үсэг зурлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын хуралдаанаар байгалийн баялгийг тэгш хүртээхэд заасны дагуу Үндэсний Баялгийн сангийн хуулийн төслийг парламентад суудалтай намуудын дарга нартай санамж бичиг байгуулж, хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо.
Ерөнхийлөгчийн баялагтаа эзэн байх суурь зарчимд санал нэгдэж, хуулийн төслүүд өргөн барьсан. Эдгээр төслийг зөвшилцсөн намын дарга нарт талархаж байгаагаа илэрхийлье.
Монгол Улс анх удаа холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонгох гэж байна. Маргааш парламентад суудалтай гурван намын дарга Бүсчилсэн хөгжлийн эдийн засгийн форумд оролцоно. Бид зөвшилцөж, нэгдэж чадвал бодит үр дүн гардгийг нүүрсний сонсгол зэрэг харуулж байна.
Ирээдүйн, тогтворжуулалт, хуримтлал зэрэг сангаас бүрдэнэ. Хөрөнгө оруулалт татах, Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан хуулийн төсөл боловсруулахаар нэгдлээ.
Стратегийн төслүүдийн 34 хувийг иргэдийн орон сууц зэрэгт зарцуулах юм.
Өнгөрсөн хугацаанд олгогдсон ашигт малтмалын лицензийн талаар сонсгол явуулах зэрэгт уг хуулийн төсөл түлхэц өгнө.
Өнөөдрийн хурлаас 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1,072 хувьцааг эзэмшүүлэх шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын 3.4 сая иргэн "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигч болж байна.
Тус компани 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах урьдчилсан дүгнэлт гарлаа. Компанийн тухай хуулийн дагуу тус компани ногдол ашгаа хуваарилах үүрэгтэй.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн 2022 оны ногдол ашгийг татварын өмнөх дүнгээр 116,000 төгрөгийг иргэн бүрийн дансанд өнөөдөр шилжүүлэх боломж бүрдсэн гэж ойлгож болно.
2023 оны ногдол ашиг урьдчилсан байдлаар 286,000 төгрөг байх төсөөлөл гарлаа. Санхүүгийн аудит орж, Баялгийн сангийн тухай хууль хэлэлцэн батлагдах үед энэхүү асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд бэлэн болно гэдэг мэдээллийг "Эрдэнэс Тавантолгой" компаниас өгсөн" гэв.