Л.Аззаяа: Цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. "НВЦ" ХХК-д зээл олгоход хахууль авсан гэх хэрэгт холбогдсон Хөгжлийн Банкны ахлах мэргэжилтэн асан Л.Аззаяа мэдүүлэг өглөө. Тэрбээр "Хөгжлийн Банканд ахлах мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа зээлийн шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй, зээлийн дарамтад орсон, эргэн төлөлтөд эрсдэл орсон гэх дүгнэлт гарсан "НВЦ" ХХК-д 21 сая ам.долларын зээл олгохын өмнө судалж, зээлийн удирдлагын хороонд зээлийн шалгуур хангасан мэтээр танилцуулсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн. Би "НВЦ" ХХК-ийн захирлыг танихгүй. Тус компанийн зээлийн хүсэлтийг судлах үүргийг шууд удирдлагаас аваад зээлийн мэргэжилтний хамт судалж, танилцуулгыг бэлтгэж, хувьдаа шаардлага хангасан хэмээн үзэж харьяалагдах газрын захирал болон хорооны даргын зөвшөөрөлтэйгөөр зээлийн санал хэлбэрээр мэргэжилтэн Тэмүүжин, Мөнхбаяр нарын хамт танилцуулсан. Зээлийн шийдвэр гарч гэрээ байгуулагдаж, олголт хийгдсэний сар гаруй хугацааны дараа гадуур явж байхад Ц.Баатарбилэг асуух юм байна, байгаа газарт чинь яваад очъё гээд ирсэн. Машинд нь ороход мөнгө өгөх гэж оролдсон. Хэдэн төгрөг байгааг мэдээгүй. Тэгээд ч аваагүй. Та ингэж болохгүй гээд машинаас нь буусан. Ц.Баатарбилэг гэх хүн зогсоо зайгүй над руу залгаад байсан.
Удахгүй ахиад гараад ирээч гэсэн. Гараад очиход цагаан тортой цаасан юм өгчхөөд бэлэг юм аа гэж хэлээд яваад өгсөн. Тухайн үед арваннэгдүгээр сар учраас харанхуй хүйтэн байсан болохоор хальт үзэхэд оргилуун дарс шиг харагдсан. Шинэ жил болох гэж байгаа учраас бэлэг гэж өгч байгаа юм байна гээд их юм бодоогүй. Тухайн үедээ задалж үзээгүй.
Мөрдөн байцаалтын явцад дурдсан зүйлийг буцааж өгсөн. Ахлах болон мэргэжилтний ажил эрхэлж байсан атал яагаад нийтийн албан тушаалтан болоод байгааг ойлгохгүй байгаа. 2021 онд хүүхэд асрахаар чөлөө авахдаа өргөдлөө өгөөд ажлаа гарсан" гэв.