“Клеопатра”-г дахин үзэгчдийн хүртээл болгоно
Бернард Шоу “Цезарь Клеопатра хоёр”, Уильям Шекспир “Антони Клеопатра хоёр” жүжгүүдийн зохиол “Монгол театр”-ын анхны уран бүтээл “Клеопатра” түүхэн сэдэвт сонгодог драмын жүжиг дахин тайзнаа амилна.
Уг жүжгийн хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх ажиллах бол найруулагчаар УДЭТ-ын найруулагч, жүжигчин А.Чингүн, ерөнхий зураачаар Д.Ариундэлгэр нар ажиллаж байгаа гэнэ. Харин алдарт зохиолын орчуулагчаар жүжгийн зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагва ажиллажээ. Тэгвэл тулааны урлагийн найруулагчаар “Парисын Дарь Эхийн сүм” “Гамлет” “Кихот Ноён” “Шар тэнгисийн тарчлаан” зэрэг жүжигт бүжиг дэглээчээр ажилласан Т.Төгсөө, уран тансаг бүжиг, хурц тод хөдөлгөөний найруулагчаар Д.Энхбаатар ажиллаж байгаа аж. Жүжгийн гол дүр болох Клеопатра хатанд УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Клеопатра хатны дурлалт залуу Марк Антонигийн дүрд П.Баттөр, Юлый Цезарийн дүрд ардын жүжигчин Б.Жаргалсайхан нар амилуулна. Египетийн сүүлчийн хатан хаан Клеопатра нь Ромын хаан Юлий Цезарь, түүний ач хүү Августус нарын сэтгэлийг эзэмдсэн юм. Түүний маргаантай зан чанар, домогт гоо үзэсгэлэн нь олон зууны туршид зохиолч, яруу найрагч, уран бүтээлчид, мэдээж зохиолч, найруулагчдын анхаарлыг татсаар ирсэн. Кино театр оршин тогтнох бүх хугацаанд домогт хатан хаанд 50 гаруй жүжигчин тоглосон байдаг. Тэгвэл энэ удаа “Улаанбаатар” театр, “Монгол” театрын уран бүтээлчид хамтарсан эл сонгодог бүтээлийг өнгөрсөн онд анх тайзнаа амилуулсан байсан юм.
Жүжгийг энэ сарын 28-наас эхлэн долоо хоногийн турш үзэгчдийн хүртээл болгоно.