Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалт эхлэв

9-р сарын 16, 2023 - 09:53
1 жил өмнө
 0  17
Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалт эхлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудезийн урилгаар Хавана хотноо болж байгаа Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Хавана” олон улсын хурлын төвд хүрэлцэн ирэхэд БНКУ-ын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канель Бермудез угтан мэндчилэв.

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдэвт дээд түвшний уулзалтыг БНКУ-ын Ерөнхийлөгч нээж үг хэллээ.

Тэрбээр 77-гийн бүлэг нь НҮБ-ын гишүүн орнуудын гуравны хоёр, дэлхийн нийт хүн амын 80 хувийг төлөөлж байгааг хэлээд, энэ удаагийн уулзалт хүн төрөлхтөн хэдэн арван жилийн өмнө төсөөлж ч байгаагүй шинжлэх ухаан, технологийн ололтод хүрсэн цаг үед болж байгааг тэмдэглэв.

Сүүлийн 30 жилд технологийн хурдацтай хөгжил явагдсан ч дэлхий даяар ядуурал нэмэгдэж, 2005 оноос хойш өлсгөлөн хамгийн дээд цэгтээ хүрснийг хэлэв.

Тухайлбал хөгжиж буй орнуудад 80 сая гаруй хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй, 60 гаруй сая хүн цахилгаангүй. Буурай хөгжилтэй орнуудад хүн амын 36 хувь нь интернэт хэрэглэдэг бол аж үйлдвэржсэн орнуудын хүн амын 92 хувь нь интернэт хэрэглэж байгааг жишээ болгов.

Бүгд Найрамдах Куба Улс хөгжиж буй орон боловч цар тахлын эсрэг вакцинаа өөрсдөө үйлдвэрлэсэн нь шинжлэх ухааны хөгжлөөрөө дутуу үнэлж болохгүй түвшинд хүрсний нэг илэрхийлэл гэдгийг хэллээ.Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш:

“Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн гишүүн орнууд бол тогтвортой хөгжлийн хөдөлгүүр. Зарим гишүүн ядуурлыг бууруулж чадсан бөгөөд нийтлэг шийдэл олох, нэгдмэл байдлыг бэхжүүлэх НҮБ-ын зорилгод нэгдсэн билээ.

Гэхдээ ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн давтамж нэмэгдсээр. Дүгнэлт маш тодорхой. Дэлхий нийт хөгжиж буй орнуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна.

Үүнийг өөрчлөхийн тулд үндэсний түвшинд сайн засаглалыг бэхжүүлж, нөөцөө тэгш хуваарилж, тогтвортой хөгжлийг нэн тэргүүнд авч үзэх нь чухал. Харин олон улсын түвшинд хүний эрхийг дээдэлсэн, Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн эрх ашгийг бүх түвшинд хамгаалсан олон улсын тогтолцоог бий болгохын төлөө хамтран ажиллах хэрэгтэй. Бүгдийн төлөөх тогтолцоог хөгжүүлэхэд Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дуу хоолой маш чухал бөгөөд НҮБ-ын тавцанд үргэлж чухал байр суурь эзлэх болно” гэв.

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow