Хүнээс гадна хоорондоо оноосон нэр хэрэглэдэг анхны амьтан заан болохыг тогтоолоо
Заанууд нэг нэгэндээ нэр өгч, тэр нэрээрээ дууддагийг судлаачид тогтоосон байна. Далайн гахай, тоть шувуу зэрэг амьтад бусдынхаа гаргадаг дуу чимээг дуурайн дуугарах замаар хоорондоо харилцдагийг өмнө нь тогтоож байсан аж. Харин хүнээс гадна оноосон нэр хэрэглэдэг нь тогтоогдсон анхны амьтан заан болохыг шинэ судалгааны тайланд өгүүлжээ.
Хамгийн сонирхолтой нь судлаачдын баг Кени улсын саваннын бүсэд амьдардаг зэрлэг зааны хоёр сүргийн дуу чимээг хиймэл оюуны алгоритмын тусламжтай шинжилсэн гэнэ. “
Заанууд тус бүрдээ оноосон дуудлагыг ашигладаг төдийгүй өөрт хандсан дуудлагыг таниад хариу үйлдэл үзүүлж, бусдад хандсан дуудлагыг үл тоомсорлож байв. Энэ нь заанууд дуудлага өөрсдөд нь зориулагдсан эсэхийг зөвхөн сонсох замаар тодорхойлж чаддагийг харуулж байна” гэж судалгааг ахалсан Колорадо Мужийн Их сургуулийн зан үйлийн экологич Майкл Пардо онцолжээ. Тэдний баг Кенийн Самбуру үндэсний дархан цаазат газар болон Амбоселийн үндэсний хүрээлэнд амьдардаг зааны сүргүүдийн 1986-2022 оны хооронд бичигдсэн дуу чимээг судалгаандаа ашигласан байна. Машинд сургасан алгоритмын тусламжтайгаар нийтдээ 469 ялгаатай дуудлагыг илрүүлжээ. Эдгээрт 101 зааны бусдадаа хандсан, 117 зааны хүлээж авсан дуудлагууд багтсан байна.Заан бүр асар чанга дуугарахаас эхлээд хүний чихэнд ч сонсогдохооргүй намуухан дуу хүртэл гаргаж байжээ. Ингэхдээ нэрийг тэр болгон ашиглахгүй, зөвхөн хол байгаа нэгэндээ хандахад, бас насанд хүрсэн заан бага залуу заанд хандахдаа ашиглаж байсан байна. Тугалуудаас илүүтэй насанд хүрсэн заанууд нэрийг түлхүү хэрэглэж байснаас харвал ийм чадвар суухад урт хугацаа шаарддаг байж магадгүй гэж судлаачид дүгнэжээ. Судлаачид бичиж авсан дуудлагаа техникээр тоглуулахад хүлээн авагч заан эерэг бөгөөд “эрч хүчтэй” хариу үйлдэл үзүүлснийг тэмдэглэжээ. “Заанууд бусдыгаа дуудахдаа дуу хоолойг нь дуурайлгасан бус чимээг ашиглаж байгаагаас тэдэнд хийсвэр сэтгэх чадвар байгаа нь харагдаж байна” гэж судалгаанд оролцсон Жорж Виттемер ярьжээ.Заануудын өвөг дээдэс 90 орчим сая жилийн өмнө хүний өвөг дээдсээс салж хөгжсөн юм. Тиймээс зааны энэ авьяас чадварын эволюцын гарал үүслийг судлах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хүн ба зааны хооронд өөр ижил төстэй чанарууд байдаг. Тухайлбал тархины өндөр хөгжил, нийгмийн гүнзгий харилцаа, гэр бүлийн өргөн хүрээлэл гэх мэт. Заанууд нэр хэрэглэдэг тухай нээлт нь дараа дараагийн олон нээлтийн эхлэл байх магадлалтай юм.