Хорватын сайд Германы сайдыг үнсэж, эвгүй байдалд оруулжээ
Европын Холбооны чуулганы үеэр Хорват улсын гадаад хэргийн сайд Герман улсын гадаад хэргийн сайд эмэгтэйтэй мэндэлснийхээ дараа үнссэн нь зохимжгүй үйлдэл болсныг олон хүн шүүмжилэв. Пүрэв гарагт Берлин хотод болсон Европын Холбооны гадаад хэргийн сайд нарын чуулганы үеэр энэ үйл явдал болсон юм.
Хорватын гадаад хэргийн сайд Гордан Грлич Радман ямар шалтгаанаар Германы гадаад хэргийн сайд Анналена Бэрбокийг үнссэнээ тайлбарлаж, уучлал гуйжээ.“Магадгүй энэ нь зохисгүй харагдсан байх. Хэрвээ үүнийг тааламжгүй хүлээж авсан хүмүүс байгаа бол би тэднээс уучлал гуйж байна” гэж Радман ярьсныг Хорватын хэвлэлүүд өчигдөр мэдээлсэн байна. Тэрбээр онгоц нь саатсаны улмаас чуулганд хоцорч ирсэн, Бэрбоктой зөвхөн бөөндөө зураг авхуулах үеэр уулзсан тул ингэж мэндчилснээ тайлбарлажээ.
Хэвлэлүүдийн авсан дүрс бичлэгт сайд нар бөөндөө зураг авхуулахаар зогсох үед Радман Бэрбокийг үнсэхийг оролдож, Бэрбок нүүр буруулан зайлсхийж байгаа нь харагдсан юм.